БАЯН-ӨЛГИЙ: Казах хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ![](/files/664d57f665df3.jpeg)
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх “Өрлеу” үндэсний төвийн Алматы хот дахь салбар хамтран казах хэл, уран зохиолын багш нарт Улаанбаатар хотод сургалт хийж байна.
Тус сургалт нь багш нарын онол, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, эх хэлний сургалтын идэвхтэй арга, аргачлал, мөн суралцагчдын эх хэлний мэдлэг чадварыг үнэлэх арга аргачлалд суралцуулах зорилготой аж.
Сургалтад Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын казах хэл, уран зохиолын 64 багш хамрагдаж байгаа. Сургалтыг эх хэлний хөгжлийн чиг хандлага, сургалтын бүтээлч, идэвхтэй арга зүй, үнэлгээний даалгавар, шалгуур боловсруулах арга, аргачлал гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд явуулж байна.
Манай улсад багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг ажилласан жилээс нь хамааран 1, 5, 10 тутамд хичээлийн чиглэл тус бүрээр зохион байгуулдаг. Харин Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудын казах хэл, уран зохиолын багш нар тухайн сургалтад хамрагдаж чаддаггүй байлаа.
Харин энэ жил Боловсролын ерөнхий газраас санаачлан казах хэл, уран
зохиолын багш нарт зориулсан сургалтыг анх удаагаа зохион байгуулж байгаа нь багш
нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, үндэстний цөөнхийн хүүхдүүдийн эх хэлний
боловсролын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй ажил болсон гэдгийг багш нар
хэлж байна.