БАЯНХОНГОР: 324 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-22 12:28:46

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонг хүртээхээр 324 ээжийн холбогдох материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ.

Алдарт эхчүүдэд одон гардуулах үйл ажиллагааг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас эх үрсийн баярын босгон дээр зохион байгуулна.

2023 онд Баянхонгор аймагт 309 ээж Алдарт эхийн одон авсан бөгөөд 18 ээж Алдарт эх 1 дүгээр одон, 291 ээж Алдарт эх 2 дугаар одонгоо гардан авсан юм. Ээжүүд 27-54 насныхан байсан бөгөөд үүнээс 20-30 настай ээж 12, 31-40 настай ээж 88, 41-50 настай ээж 19, 50-иас дээш настай ээж нэг байжээ.

Иргэдэд “Алдарт эх” одон олгох асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн халамжийн тухай хууль”-аар зохицуулж байна.


“Алдарт эх”-ийн одонг жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болзол хангасан эхчүүдэд олгодог. “Алдарт эх” одонгийн болзлын тухайд, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнаж байгаа юм.


“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаардаггүй юм байна.

Холбоотой мэдээ