Шувууны өд 28 мянган ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-22 16:29:26

ВЕЛЛИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 22 /BBC/. Өдгөө устаж үгүй ​​болсон Шинэ Зеландын хуйя шувууны ганц ширхэг өд дуудлага худалдаагаар 46 521 шинэ зеланд доллароор /28 417 ам.доллар/ зарагдсанаар дээд амжилт тогтоолоо.


Анх 3000 долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан уг өд өмнөх дээд амжилтыг 450 хувиар ахиулсан байна. Хуйя шувууг маоричууд ариун дагшин шувуу хэмээн үздэг бөгөөд өдийг нь омгийн ахлагч нар, тэдний гэр бүлийнхэн толгойндоо зүүдэг байснаас гадна бусдад бэлэглэж, мөн худалддаг байжээ.


Уг шувууг хамгийн сүүлд 1907 онд ажигласныг баталсан байдаг боловч түүнээс хойш 20-30 жилийн хугацаанд ийм ажиглалтууд мөн бүртгэгдсэн гэж Шинэ Зеландын музей мэдээлсэн байна. Хуйя бол жижиг биетэй дууч шувуу бөгөөд үсрэх чадвар ба үзүүр хэсгээрээ цагаан өнгөтэй үзэсгэлэнт өдөөрөө алдартай байжээ.


“Дуудлага худалдаагаар зарагдсан өд гайхалтай хадгалагдсан байсан. Гялалзсан өнгө нь хэвээр, шавжинд огт  идүүлээгүй байсан” гэж Webb's дуудлага худалдааны ордны гоёл чимэглэлийн эд зүйл хариуцсан дарга Лиа Моррис ВВС” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Дуудлага худалдааны ордон уг өдийг хэт ягаан туяанаас хамгаалдаг шилний цаана архивын цаасаар ороож байрлуулсан тул “маш урт наслах болно гэдгийг тэрбээр дурдлаа.


Энэ өд маоричуудын эд зүйлсийг хамгаалах системд "таонга тутур" хэмээн  бүртгэгдсэн байдаг. Иймд зөвхөн системд нэвтрэх зөвшөөрөлтэй цуглуулагчид үүнийг худалдаж авах боломжтой бөгөөд Соёлын яамны зөвшөөрөлгүйгээр Шинэ Зеландаас гаргах боломжгүй.


“Бид газар нутаг, хүрээлэн буй орчин, ургамал, амьтны аймгаа хамгаалахад ихээхэн санаа тавьдаг. Энэ шувуу өдгөө устаж үгүй ​​болсон учраас бидэнд Шинэ Зеландын бусад шувуудад дахиж ийм зүйл битгий тохиолдоосой гэсэн бодол төрдөг” гэж Л.Моррис ярилаа.


Эрт дээр үед хуйя шувууны өд нь маоричуудын нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг бэлгэ тэмдэг байжээ. Европчууд ирэхээс өмнө хэдийнэ ховорт тооцогддог байсан энэ шувуу цуглуулагчид ба загвар зохион бүтээгчдийн хараанд өртсөнөөр устаж үгүй ​​болсон байна. 

Холбоотой мэдээ