Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
uranatuya@gmail.com
2024-05-22 17:05:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийн нээлт өнөөдөр боллоо. Уг төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлэх юм байна.


Манай улсын зорилтот сургуулийн сурагчдад үзлэг хийхэд сурагчдын 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байжээ. 2-18 настай монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байгаа учир боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа Профессор, судлаач Брюс Мүүрийн сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан судалсан хараа шалгах аргачлалыг нэвтрүүлэн цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний илрүүлэг үзлэг хийж, ESIS системд цахимаар бүртгэх юм.


Эмчлүүлэх шаардлагатай хүүхдэд нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмч нар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн нүдний шил өгч, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад нүдний эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ, нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар цаашлаад амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажээ.

Хүүхдэд тогтмол цаг хугацаанд, давтамжтай урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгийг сургалтын байгууллагад суурилан хийх нь эрүүл мэндийн аливаа эрсдэлийг эрт үед нь илрүүлэх, учирч болзошгүй бэрхшээл, хүндрэлээс сэргийлэх, тэднийг бүрэн хамруулах, эмнэлэгт ачаалал үүсгэхгүй байх ач холбогдолтой юм.


Холбоотой мэдээ