ДАРХАН-УУЛ: БНСУ-ын "Чусон" их сургууль БШУГ-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-22 16:01:49

Дархан, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт БНСУ-ын Квангжу хотын Чусон их сургуулийн удирдлагын баг, багш нар ажиллаж байна. Тус сургууль Дархан хотын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуультай 2022 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлжээ.




Хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Чусон их сургуулийн баг Дархан-Уул аймгийн БШУГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.




Хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчид солонгос хэлний 2+2 хөтөлбөр, богино хэмжээний эрчимжүүлсэн хэлний хөтөлбөр, 50-100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагддаг аж.

Харин БШУГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймгийн бусад ЕБС-ийн сурагчид эдгээр хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.


 

Өнгөрсөн хугацаанд зөвхөн нэг сургуультай хамтран ажилладаг байсан бол энэ удаад үйл ажиллагаагаа өргөжүүлж, сурагчдад солонгос хэл сурах, цаашлаад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж байна.


 

2022 онд “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд Чусон сургуулиас солонгос хэлний танхим байгуулж, өнгөрсөн жил тус ангийг бүрэн тохижуулахад зориулан 13.5 сая төгрөгийг хандивлажээ. Харин энэ удаад тус ангийн сурагчийн ширээ, сандлыг шинэчлэхээр болжээ.




Энэ үеэр БНСУ-ын Чусон их сургуулийн Биеийн тамир, спортын сургуулийн мэргэжлийн оюутнууд сурагчидтай чөлөөт уулзалт зохион байгуулж, К поп бүжиг, таеквандо, сагсан бөмбөг зэрэг спортын анхан шатны мэдлэг олгох сургалт хийлээ.




Ташрамд, "Чусон" их сургууль нь 17 салбар сургуультай, БНСУ-ын өмнөд бүсийн топ таван сургуулийн нэг аж. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 80 орчим монгол оюутан суралцаж байна.



Холбоотой мэдээ