“Автомашингүй өдөр”-ийг 12 дахь жилдээ зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг.
Тэгвэл энэ жилийн эхнийх нь тавдугаар сарын 25-нд тохиож байна. Автомашингүй өдөр нь тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой.
Мөн эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлаг, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулдаг. “Автомашингүй өдөр”-өөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагаа төв талбайд болно.
Иргэд гэр бүл, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж урлагийн тоглолт, хоолны өдөрлөг зохион байгуулах орон зайг бий болгохоор зорьж байгаа аж. Тухайлбал, Сүхбаатарын талбайн автобусны буудлын дэргэд “Lemonspice” хоолны өдөрлөг хийх бол “Электро мюзик Монголиа”-гийн хамт олон авто замын төв цэг дээр Монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулна.
Автомашингүй өдрийг манай
улс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус өдрийг 46 улсын 2000 гаруй
хот тэмдэглэн өнгөрүүлдэг байна.