Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо зааж буй сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-22 14:16:43

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагыг төрөөс дэмжих журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.


Тогтоол хэрэгжсэнээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, мөн Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.


ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна.

Холбоотой мэдээ