Айдсаа давахыг Обама иргэддээ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 12:42:27

ВАШИНГТОН. /VOA/. Засгийн газар нь террорист заналхийллийн асуудлыг ноцтой түвшинд авч үзэж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдээд, Парис хот болон Калифорни муж улсад болсон халдлагаас үүдэлтэй айдсаа давахыг иргэддээ уриалжээ.

Обама ням гарагт Цагаан ордны Зууван танхимаас ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, Калифорни муж улсын Сан-Бернардино хотод юу болсон талаар Холбооны мөрдөх товчоо мэдээлэл цуглуулж байгаа боловч халдлага үйлдсэн хоёр этгээд хилийн чанад дахь террористуудтай сүлбээтэй эсэх нь хараахан нотлогдоогүй байна гэж мэдэгджээ.

Обамагийн хэлсэн үг

"Нэн даруй эмчлэх боломжгүй хорт хавдартай бид нүүр тулбал яах вэ гэж америкчууд асууж байгааг би ойлгож байна. Гэхдээ бид "ISIL бүлэглэлийг устгана“ гэж тэрбээр мэдэгдэхдээ "Лалын улс”-ыг товчилсон нэрээр нь нэрлэсэн байна.

Аль ч улсад нуугдсан террорист толгойлогчдыг АНУ-ын арми илрүүлж, устгана гэж тэрбээр амлаад, “Лалын улс” бүлэглэлтэй хуурай замаар тэмцэж байгаа Сири, Иракийн хүчнийг АНУ зэвсгээр хангаж, бэлтгэх болно гэж мэдэгджээ. Мөн АНУ холбоотон, түнш орнуудтайгаа хамтран ажиллаж байгаа бөгөөд Сирийн дайныг төгсгөл болгохын төлөө олон улсын хамтын нийгэмлэг ажиллаж байна.

"Эрх чөлөө айдсаас хүчтэй"

АНУ-д визгүй зорчих журмыг эргэн авч үзэхийг АНУ-ын Төрийн болон Дотоодын аюулгүй байдлын департаментдаа Обама үүрэг болгосон байна. Учир нь Калифорни муж улсад болсон халдлагад оролцогч эмэгтэй уг журмын дагуу АНУ-д нэвтэрчээ.

Хар жагсаалтад орсон хүмүүсийн нэг нь ч зэвсэг худалдан авахгүйг баттай болгохыг тэрбээр Конгресстоо уриалаад, зэвсэг худалдан авахад тавих хяналтыг чангатгах ёстой гэж мэдэгджээ.

Террорист заналхийллийг дарах алхмуудыг бид хамтдаа хийж чадна гэж тэрбээр хэлэв.

“Ирак эсвэл Сири дэх сунжирсан, урт хугацааны хуурай замын байлдааны ажиллагаанд АНУ дахин оролцож болохгүй. “Лалын улс” бүлэглэл биднийг оролцуулахыг хүсэж байгаа. Энэ дайныг АНУ болон лалын шашинтнуудын хоорондох тэмцэл гэж харагдуулж болохгүй. “Лалын улс” мөн л ингэж харагдуулах гэж хүсэж байгаа”-г тэрбээр онцолжээ.

“Аль-Каида” болон “Лалын улс” бүлэглэлийн дэмждэг үзэн ядах сэтгэлгээг арилгахын тулд лалын шашны удирдагчид бидэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Лалын шашинтай америкчуудад өөрөөр хандах ёстой гэсэн ойлголтыг халах нь америкчууд болгоны үүрэг юм гэж тэрбээр хэлсэн байна.

"Бид түүхийн эерэг дүр бөгөөд терроризмтой тэмцэх дайнд бид ялна гэдэгт итгэлтэй байна. Эрх чөлөө айдсаас хүчтэй гэдгийг бүү мартаарай" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ