Хоршоодын улсын хэмжээний үзүүлэх сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-06 17:32:44
 Увс /МОНЦАМЭ/ Энэ сарын эхний таван хоногт хоршоодын улсын хэмжээний үзүүлэх сургалт Улаангом хотноо амжилттай болж өнгөрлөө. ХХААХҮЯ-наас аймгийн ХХААГазар болон ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 21 аймгийн хоршоодын төлөөлөл, Улаанбаатар хотын хоршоодын төлөөлөл, сумдын ЗДТГ-ын Жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 170 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр болсон сургалтаар хоршоодын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажил, хоршоодод тулгамдаж байгаа асуудал, хоршоодыг төр засгаас хэрхэн дэмжин ажиллах, хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр батлуулах, хоршооны хууль шинэчлэн боловсруулах тухай хэлэлцүүлгийг өрнүүлж хоршоодоос оруулах саналыг авч тэргүүний хоршоодын сайн туршлагаас танилцуулга хийсэн юм. Тэрчлэн, Өндөрхангай сумын “Шинэ зам Увс” хоршоо, Наранбулаг сумын “Бор майхан” хоршоо, Улаангом сумын “Уран зурвас” хоршоодын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд “Өнөр урлал” ХХК, “Хөгжлийн шим” хоршоо, “Баян булан” ХХК, “Агарын үндэс” ХХК, “Отгон учиг” хоршоо, “Баруун загвар” ХХК, “Уран зурвас” хоршоо зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож 10 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийлээ.
Тэрчлэн, Тариалан сумын “Бургастайн гол”, Ховд сумын “Шилмэл сүрэг Ховд” хоршоод “Улсын тэргүүний хоршоо”-гоор шалгарч батламжаа гардаж авсан юм. Энэ сургалт нь тэргүүний үйл ажиллагаатай хоршоодоос туршлага судалсан, мэдлэг мэдээлэл олж авсан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан, ЖДҮ хоршоо хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодыг чадавхжуулсан үр дүнтэй сургалт боллоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байв.
Б.Батхүү
Холбоотой мэдээ