Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулах зорилгоор аймгуудад 900 сая төгрөг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-04 15:01:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах тогтоол гаргажээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээлэл хийв.

Тэрбээр “Өвлийн бэлтгэлийг эртнээс хангах ёстой. Одоогоор нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 гаруй хувьд нь дунд хэмжээний зуншлагатай байгаа бол 40 хувьд нь зуншлага муу байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах зорилгоор Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 900 сая төгрөг гаргаж, аймгуудад хуваарилах боллоо. Энэ хөрөнгийг малын хөдөлгөөнийг хянах пост нэмэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оготно царцааны нүүдэлтэй тэмцэх, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна” гэв.

Мөн үеэр сэтгүүлчид Монгол Улсад шүлхий өвчний гаралт буурахгүй байгаа шалтгааныг тодруулахад, "Монгол Улс 80 сая орчим малтай боллоо. Мал, махаа экспортлоход эрүүл мэндийн асуудал маш чухал. Тиймээс салбарын яам УИХ-аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулж, өнгөрсөн сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь халдварт өвчин гарсны дараа хор, хөнөөлийг нь арилгахад ихээхэн хөрөнгө зарцуулдаг байсан. Харин шинэ хуулиар урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийх боломж бүрдэх юм. Энэ жил бүх малаа вакцинжуулах хөрөнгийг улсын төсөвт суулгаж чадаагүй. Нийт 7.2 сая тун шүлхийн вакцин авах мөнгө тавьж өгсөн. Мөн ОХУ-аас 1.6 сая тун вакцин тусламжаар авч байгаа. Монгол Улс 4.5 сая үхэртэй. Эхний ээлжид бүх үхрээ вакцинжуулахаар ажиллаж байна. Архангай аймаг бүх үхрээ вакцинжуулалтад хамруулсан ч бог малаас шүлхий өвчин тархлаа. Одоогоор Мал эмнэлгийн ерөнхий газрын ажлын хэсэг ажиллаж байна. Наадмын дараа буюу наймдугаар сарын 01-нээс бүх сумдад мал угаалгын ажлыг эхлүүлнэ" гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ