Хүчирхийллийн эсрэг хөвгүүдийн клубыг сургуулиудад байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-28 18:03:16
Улаанбаатар /МОНЦЭМЭ/. “Хүчирхэг Хөвгүүд” ТББ, Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах  төслийг  7 сарын турш хэрэгжүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ.
Хүчирхэг хөвгүүд ТББ-ын  хөтөлбөрийн ажилтан Билгүүн,  “Төслийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийг таслан зогсоох зорилготой эрэгтэйчүүдийн хөдөлгөөн болох “Бид хүчирхэг хөвгүүд” клубыг  нийслэлийн ерөнхий боловсролын 5 сургуульд, МСҮТ-д нэг төв  байгуулсан. Тус клуб нь 15 хөвгүүний  бүрэлдэхүүнтэй  бөгөөд сургуулийн нийгмийн ажилтантай хамтран хүний эрх, жендерт суурилсан хүчирхийлэл, эрүүл зөв харилцааны тухай 7-12 дугаар ангийнханд мэдлэг олгох  20 цагийн сургалт явуулсан. Мөн Хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хүчирхийлэлгүй нийгмийг хөвгүүд, эрэгтэйчүүд бид бүтээж чадна” уриатай  эрүүл харилцааны энгийн 12 алхмыг танилцуулсан богино хэмжээний бичлэгийг олон нийтэд  түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа” гэлээ.
114 дүгээр сургуулийн Бид хүчирхэг хөвгүүд клубын гишүүн сурагч Б.Мөнхболд, “Өмнө нь хүний эрх, жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу болох  талаар  огт мэдлэггүй байлаа. Одоо энэ талаар маш сайн мэдлэг, мэдээлэлтэй болсон тул үе тэнгийнхэнтэйгээ хуваалцахыг хүсч байна” гэв.
О.Болорцэцэг
Холбоотой мэдээ