Химийн бодисын үлдэгдлийг хадгалах агуулах шаардлагатай байгааг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-21 18:48:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн төвийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа. Тэрээр өнөөдөр аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/, Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Газрууд өөрсдийн үйл ажиллагаа болон нэн тэргүүнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа.

ОБГ-ын хувьд Эрдэнэцагаан суман дахь гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн галын депоны барилгын материалуудыг гаалиар оруулах татварт хөнгөлөлт үзүүлэх, мөн тус барилгын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын арван иргэнийг аялал жуулчлалын визээр 30 хоногийн хугацаанд оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Харин МХГ-аас химийн бодисуудын үлдэгдэл хадгалах агуулахтай болох зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Одоогоор МХГ химийн бодисуудыг зориулалтын бус газар хадгалдаг юм байна.  Мөн Бичигт боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ариутгалын бодисын нөөцгүй болсон тул тус бодисын нөөцийг даруй татах шаардлагатай болжээ. Үүнд нийт 16,5 сая төгрөг хэрэгтэй аж.

Эдгээр хүсэлтүүдтэй аймгийн Засаг дарга танилцаад ирэх сарын 01-нд Шилийн гол аймагт ажил хэргийн айлчлал хийх бөгөөд энэ үеэр тус асуудлаа хоёр талын төлөөллүүдэд танилцуулж шийдвэрлүүлэх чиглэлийг ОБГ-т өгсөн юм. Харин МХГ-аас таьсан хүсэлтүүдийг сайтар судлаад шийдвэрлэх ямар боломж байгааг эрэлхийлье гэв.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ