Даланзадгадад морин хуурын цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-20 09:54:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 65 метр өндөр морин хуурын цогцолбор байгуулна.  Тус аймагт "Говийн бараа" ХХК-ийн 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Үүний нэг нь энэхүү морин хуурын цогцолбор юм.

Тус морин хуурын цогцолбор бүхий хотхонг байгуулах ажлыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Б.Машбат санаачилсан байна. Уг цогцолбор барилгын хоёр талаар цахилгаан шатаар дээш гарч, хуурын хоёр чихэн дээрээс алсын барааг харахаар төлөвлөсөн гэнэ.
"Говийн бараа" ХХК нь Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд "GB Town" хорооллыг байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү хороололд 300 айлын орон сууц, 65 метрийн өндөр морин хуур цогцолбор, сургууль, цэцэрлэг, худалдааны төв, 24 айлын таун хаусны иж бүрэн хотхон  байгуулж Даланзадгад болон Өмнөговь аймагтаа өнгө нэмэх зорилго тавьжээ. Өмнөговь аймаг нь энэ жилийн их бүтээн байгуулалтын жил болгон зарлаад байгаа билээ. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс гадна ийнхүү хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр ийнхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ