Улаан үнээний фермер

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-14 12:13:22
Дорнод /МОНЦАМЭ/. Лувсандоржийн Цэндсүрэнг "Улаан үнээний фермер" гэдгээр нь Дорнодынхон андахгүй. Хэдэн жилийн өмнө "Арван мянгатын” урд байрлах ажлын байранд нь түүнтэй өглөөнөөс үд хэвийтэл ярьж суухдаа эмэгтэй хүнд ахадмаар хүнд хүчир ажлын ард яаж гардаг юм бол гэж гайхаж бас эрхгүй хүндлэх сэтгэл төрж билээ. Өдгөө 60 нэлээд гарчихсан насандаа үхэр мал, хадлан тэжээл, хашаа саравч гээд гарт орсон өнөөх л ажлаа гудиггүйхэн нугалж явна.
Эднийх аймгийн баруун захын Танкын хороололд сүрхий дориун төвхнөөд авчээ. Цэмбийсэн том хашаанд хоёр гэрээрээ аж төрнө. Жижиг явган хашаанд туниа муутай хэдэн тугал харагдана. Эхүүдийг нь сая шүлхийгээр устгалд оруулчихсан болохоор энэ хэдийгээ мал болгох санаатай Цагаан-Овоогоос аваад ирсэн юм гэж Цэндсүрэн эгч ярих. Өндөрлөж хураасан боодолтой өвс нүдэнд тусахыг ажиглав бололтой. Энэ зун манайх мянга орчим боодол өвс хадсан. Хагас хугасыг нь зарж борлуулна. Бас үнээ малдаа өгнө дөө гэж байлаа. Гэрийнхээ гадна том, жижиг хоёрын зэрэг машин сойчихож. Ойр тойрхны ажилд жижиг тэргээрээ хөл дүүжилдэг бололтой. Гэрт орсон нь саяхан тугалласан үнээний уураг гэж ховрын юм гаргаж ирж дайллаа. Цэндсүрэн эгчийн нөгөө л донж маяг, гялалзсан нүд, өмссөн зүүсэн нь яг хэвээрээ. Оёсон дээлнүүдийнхээ ухлаадсыг хэлхэж цуглуулж байгаа юу гэсэн нь гаргаж харуулаад сүүлийн үед оёдол зүүдлээс хөндийрсөн гэв. Өдрийн тэмдэглэлээ бичиж байна уу гэхэд 1972 оноос эхэлсэн тэмдэглэл, данс тооцоо маань хоёр чемодан маань дүүрчихээд байгаа, сүүлийн үед өдрийн тэмдэглэл гэхээсээ санхүүгийн данс тооцоо, ажлын төлөвлөгөө болж хувирчихаад байна даа гэх. Энэ бүхнээс харахад түүнээс үхэр малын ажилтай байнга зууралддаг шинж үнэндээ хол санагддаг юм. Хариуцлага, эмх цэгц, хөдөлмөрч шаргуу угийн яс чанарынхаа хэрээр өдий насандаа тов хийтэл аж төрж суугаа нь энэ.
Хөдөө аж ахуйн салбартай ажил амьдралаа холбосон түүх намтрыг нь сонирхвол цэргийн албаа хаагаад уугуул нутагтаа САА-н жолоочоор томилогдсон эр нөхрөө дагаж 1976 онд Халхголын САА-д хөл тавьснаар эхэлдэг. Нэгэн насыг хамт туулж яваа хань Нэргүй нь Халхгол сумын уугуул, ачаа тээврийн аварга жолооч гэгдэж явсан хүн бий. Нэргүйнх гэдэг айл өдгөө хоёр хүү, хоёр охин, арав гаруй ач зээтэй өнөр олуулаа болжээ. “Зундаа хэдэн ач зээгээ, өвөлдөө хэдэн үнээгээ бөөцийлж сууна даа бид хоёр” гээд наргиан болгох хуучлах.
Сүхбаатар аймгийн Баянтэрэм буюу одоогийн Мөнххаан суманд эгэл малчны хотонд өсч өндийсөн Цэндсүрэн охин малын эмч нарыг хараад ийм л хүн болно гэж сэтгэл шулуудсан гэдэг. 16 настайдаа Дорнод аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр “Улаан дипломтой” төгсч, Хэнтий аймгийн Баянхутаг сумаас ажлын гараагаа эхлэн удалгүй Халхголын САА-д хөл тавьснаар өнөө хэр энэ том байгууллагын түүхийг залгаж яваа гэж хэлж болно.
28-хан насандаа Халхголын САА-д алату үүлдрийн үхрээр саалийн механикжсан ферм байгуулах үүрэг хүлээж, 200-гаад үхэртэй фермийн данс тооцоо, цалин хөлс, хадлан тэжээл, малын үржил, төллөлт гээд бүхий л ажлыг гардан хариуцаж явж.
Зах зээлийн шуурга нөмөрсөн 1993 онд Халхголын САА-н дарга байсан Д.Алтангэрэл Сүмбэрээс аймагт 60 үхэр авчирч түүнд хариуцуулж өгчээ. Ингээд жилийн дараа гэхэд Улаан үнээний ферм аймгийн төвд үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Ухамсарт амьдралаа энэ л салбарт зориулж яваагийнх өөрийнхөө бүхий л нөөц боломжийг шавхахыг хичээснийх нь илрэл биз. Энэ хугацаанд гурван ч мэргэжил эзэмшээд амжжээ. Анх Халхголын САА-н данс тооцоог хариуцаж байхдаа Санхүү эдийн засгийн техникумыг дүүргэсэн бол нас хэвийсэн хойноо фермийнхээ эрүүл ахуйг эн тэргүүнд тавьж, өөрөө ХААИС-д малын эмчээр суралцаж төгссөн. Талын улаан үүлдрийн өндөр шимт үхрийг тэр хэвээр нь авч үлдэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөснийх нь зах зухаас дурдахад ийм.
Л.Цэндсүрэн эгч хэдхэн хоногийн өмнө аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд Халхголын САА-н түүхэн баримт бичгийг гардуулж өгсөн юм. Ажилч хичээнгүй ахмад үеийнхээ хөдөлмөр зүтгэл шингэсэн тэрхүү хүндтэй баримт сэлтийг хэнд үлдээхээ бодсоор явж л дээ. Ихэд хүндэтгэлтэй хандаж, архив болгон хадгална гэсэн Засаг даргын үгийг сонсоод санаа нь  амарч, магнай хагартал баярласан гэх.
Түүний хувьд мал аж ахуйн чиглэлээр 44 жил ажилласны 30 жил нь үнээний фермд өнгөрчээ. Эгэл хэрнээ ямар ч ажил үйлд “эзэн” байхын мөн чанарыг харуулсан зам мөр гэлтэй.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ