“Боко Харам”-ын барьцааны 900 хүнийг суллав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-03 14:40:18

ЯУНДЕ. /BBC/. Нигери дэх лалын босогчдын “Боко харам” бүлэглэлийн барьцаанд байсан 900 хүнийг цэргүүд сулласан гэж Камеруны Батлан хамгаалахын яамнаас мэдэгдлээ.

11 дүгээр сарын эцсээр Камеруны Батлан хамгаалах хүчин “Боко харам”-ын 100 орчим гишүүнийг устгасан гэж Батлан хамгаалахын сайд Жозеф Бети Ассомо хэлсэн байна.

Мөргөлдөөн яг хаана болсон, “Боко харам”-ын барьцааны хүмүүсийг хаана хорьж байсан нь тодорхойгүй байна.

Их хэмжээний зэр зэвсэг, нөөц болон “Лалын улс”-ын хар цагаан өнгөтэй тугийг хураан авсан гэж лхагва гарагт олон нийтийн радиод хийсэн мэдэгдэлдээ тэрбээр дурдсан юм.

2009 онд “Боко харам” бүлэглэл бослогоо эхэлснээс хойш 17 мянга орчим хүний амь үрэгдэж, 2000 орчим хүнийг барьцаалсан тухай “Amnesty International” төрийн бус байгууллага мэдээлэв.

Нигери, Чад, Бенин, Нигер болон Камерун улс хамтран бүс нутгийн хүчин байгуулж, Нигери улсын зүүн хойд нутагт “Боко харам”-ын эзэлсэн дийлэнх нутгийг эргүүлэн чөлөөлсөн юм.

Х.Аминаа

Холбоотой мэдээ