Сирийн дүрвэгсдийг Техаст байрлуулахыг хориглохыг шаардаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-03 10:58:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Техас муж улсын эрх баригчид тус муж улсын нутаг дэвсгэрт Сирийн дүрвэгсдийг байрлуулахыг шүүхээр хориглохыг шаардан Засгийн газрынхаа эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Холбогдох баримт бичгийг Техас муж улсын тойргийн шүүхэд тус муж улсын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний газар өгсөн байна.

Техас муж улсад “дүрвэгсдийг байрлуулах шийдвэр гаргахаасаа өмнө тус муж улсын эрх баригчидтай зөвлөлдөх ёстой гэдэг  хуулиар тогтоосон үүргээ АНУ-ын Засгийн газар, тэр дундаа Төрийн департамент зөрчсөн” гэж гомдолд онцлон тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Сириэс шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийг муж улсынх нь нутаг дэвсгэрт байрлуулахыг хориглох хүсэлтийг Техасын эрх баригчид шүүхэд тавьсан байна.

Хэрэв Техас муж улсын олон нийтийн байгууллагууд захирагч Грег Эбботтагийн Сирийн дүрвэгсдийг хүлээж авахгүй байх тухай захирамжийг дагаж мөрдөхгүй бол санхүүгийн дэмжлэгээ зогсооно гэж тус муж улсын эрх баригчид урьд нь мэдэгджээ.

Сирийн дүрвэгсдийг хүлээж авах нь Техас муж улсын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй нь нийцэхгүй гэж тус муж улсын захирагч үзэж байгаа аж.

Ирэх онд АНУ Сирийн доод тал нь 10 мянган дүрвэгчийг хүлээж авахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест есдүгээр сард мэдээлжээ. Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ тус улсын 1500 орчим дүрвэгчийг улс орондоо оруулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ