Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-29 16:43:38
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энхийг сахиулж явсан албан хаагчид болон одоо алба хааж байгаа албан хаагчид, тэдний гэр бүлийн хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын жуух бичгээр ШШГГ-ын ахлагч Д.Золбоо, ОБГ-ын ахлах ахлагч Т.Баттулга нарыг, аймгийн “Хүнтэд тэмдэг”-ээр ШШГГ-ын ахмад А.Энхтүвшин, ОБГ-ын ахлах ахлагч Б.Нямхүү нарыг тус тус шагналаа.

НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Архангай аймгаас нийт 4 улсад үүрэг гүйцэтгэжээ. Үүнд  Афганистан, Сьерра-Леон, Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Ирак Улсад явагдаж буй “Unmiss” энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 12 алба хаагчид үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Одоо БНӨСУ-ын халуун цэг дээр Архангай аймгийн Онцгой байдлын газрын а/а П.Мэндсайхан, а/ч Д.Нямжаргал нар  үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын хувьд 2002 онд анх Бүгд Найрамдах Конго улс руу анхны 2 ажиллагч офицер илгээснээс хойш 16 жил өнгөрчээ. Монгол Улсаас хамгийн олон цэргийн алба хаагчаа илгээдэг ажиллагаа бол Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй “UNMISS” ажиллагаа юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1996 тоот тогтоолоор БНӨСУ-ын аюулгүй байдлаа хангах чадавхийг хөгжүүлж, шүүхийн салбарыг бэхжүүлэх, хууль ёсыг тогтооход эрх баригчдад туслах, энгийн иргэдийг хамгаалах, зөрчил, мөргөлдөөнийг бууруулж, урьдчилан сэргийлэхэд засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор “UNMISS” ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Газын зурваст үүссэн Изриал, Арабын хямралыг хянах зорилгоор 1948 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоёр ажиглагч офицерыг илгээсэн нь энхийг сахиулагчдын эхлэл байсан бөгөөд тэр цагаас хойш 70 жил өнгөрчээ. Энэ жил олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “70 жилийн тэмцэл, 70 жилийн нэр төр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Эл өдөр дэлхий нийтээрээ цэнхэр дуулгатнуудаас гадна олон улсын хүмүүлэгийн байгууллагуудад ажиллаж буй энгийн ажилтан, алба хаагчдад хүндэтгэл үзүүлдэг юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ