Д.Чимгээ: Химийн бордоогүй эрүүл хүнс хэрэглэгчиддээ хүргэх нь миний зорилго

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-05-23 23:16:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Бидний өдөр тутмын хэрэглээ, амин дэмийн эх үүсвэр болсон хүнсний ногоо, жимс жимсгэний мод бут тарих ажилд бие сэтгэлээ зориулан яваа “Арт маргад” ХХК-ийн захирал, “Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци” ТББ-ын тэргүүн Д.Чимгээ эгчтэй ярилцлаа. Тэрээр, тууштай байж энэ ажлаа үргэлжлүүлэн хөгжүүлэх, олон түмэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэж, хамтран ажиллагсдаа дэмжин ажиллах нь түүний эрхэм зорилго ажээ. 

-Та хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Хэдийнээс хүнсний ногоо тариалж, газар тариалан эрхлэх болсон юм бэ?

-Ажлын байранд маань ирж яриа өрнүүлж байгаад баярлалаа. Худалдаа үйлчилгээний “Арт маргад” ХХК-ийг 2001 онд үүсгэн байгуулсан. 2004 онд Г.Баатарсүх багш маань хүнсний ногоо тариалж, газар тариалан эрхлэх үү? гэсэн саналыг тавьсан. Нөхөр бид хоёр ярилцаад саналыг нь хүлээн авч, газар тариалангийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тэр үед хүнсний ногоо тариалах мэдлэггүй, бүр хоолондоо ч хэрэглэж сайн мэддэггүй байлаа. Анхны маань ургац их арвин байсан учраас хүнсний ногоо тариалах газартай болж, тариа тарьж үзэхээр шийдсэн. Хурхын сангийн аж ахуйд улаан буудай тарьж, 2 жил арвин ургац авсны дараагаар аймгийн төвд ногооны талбайныхаа хажууд тариалахаар шийдэн 300 га газар авсан.

Аймагтаа тарьсан ургац эхний жил сайн байсан. Дараагийн жилүүдэд айлуудын мал тариалангийн талбай руу орж, дийлдэхээ больсон. Тэгээд л тариагаа тарихаа больж, хүнсний ногоо тарьж, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон доо.

-Та аймгийн зүүн талд ногооны талбайг бий болгосон анхдагчдын нэг. Хүнсний ногоо, тариа тарихад тэр үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Тэр үед гэрэл цахилгаанд холбогдоогүй, цөөхөн хүмүүс ногоо тарьж эхэлж байлаа. Усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор өөрсдийн хөрөнгөөр 3 км газар өндөр хүчдэл татсан. Тог цахилгаантай болсноор ногоо тарих хүмүүс олон болж, идэвхжиж байлаа. Гэтэл манайх тогтой, бусад ногоочид маань тоггүй байсан учраас миний хань Н.Нэргүй, Г.Баатарсүх багштай хамт тэр үеийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт хүсэлт тавьсан. Энэ хүсэлт маань Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдан зүүн тийш 3 км газарт 0.6 квт-ын өндөр хүчдэлийн шугам татсан. Татсан эрчим хүчээ ногоо тарьсан айлууд руу буулгаж чадахгүй байсан болохоороо дараа нь тухайн үеийн Засаг дарга Ж.Оюунбаатартай бид уулзсан юм. Аймгаас 20 сая төгрөгийг төлөвлөж, 0.4 квт-ын цахилгааны шугамыг айлууд руу чиглүүлж өгсөн.

Ногоочид маань чадлынхаа хэрээр тарьж, химийн бордоогүй хүнсний ногоог орон нутгийн иргэдэд хүргэхийг зорьж ажиллаж байна. Цаашид аймаг орон нутгийн удирдлагууд маань ногоочдоо дэмжин, хамтарч ажиллавал бид аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтой.

-Одоо ногоочид маань туршлагажиж, олон төрлийн хүнсний ногоо, жимсний мод бут тарьж байгаа. Танай талбайн тариалалтын төрөл зүйлийн тухайд?

-Компани одоо 200 га-ийн 50 га-г эргэлтийн талбай болгон ашиглаж байна. Манай талбайд үхрийн нүд, давжаа алимны мод, интоорын мод, чавга, том алимны мод зэрэг жимсний моднуудыг тариад 3 жил болж байна. Мөн мод үржүүлгийн талбайтай. Талбайдаа чацарганы мод, хүнсний ногоо тарин, сармис үржүүлж байна. Хойтонгоос сармисаа худалдаанд гаргах бодолтой байгаа. Өөрийнхөө гаргасан төл сонгиныг үржүүлж, таваарын сонгино гаргаж байна. Цаашдаа төл сонгины үржүүлэг ихээр хийж, гаднаас төл сонгино авахгүйгээр өөрсдийн үржүүлгээ тарих зорилго тавин ажиллаж байна.

Мөн зөгийний аж ахуй эрхэлж байна. Хэрлэн суманд өмнө нь зөгийний аж ахуй хөгжих боломжгүй гэж үзэж байсан. Даян дэлхийн байгаль орчны сангийн жижиг төслийн хөтөлбөртэй хамтран манай аж ахуйн нэгж, мөн “99”, “Хэнтий сүү” хоршоод зөгийн аж ахуйг туршиж үзсэн. Тэгээд зөгий амьдрах боломжтой юм байна гэдгийг харсан. Зөгийн аж ахуйн төслийн ахлагчаар би ажиллаж байгаа. Бид ноднин жил 8 га-д зөгийний балт ургамлыг гаргаж авахаас гадна малын тэжээл болдог хошоонгор ургамал, гурвалжин будааг тариалсан. Уг төсөл хөтөлбөрөөс мөн 20000 чийгийн улаан хорхой өгснийг ногоочиддоо хуваан өгч, бордоо үйлдвэрлэж байна.

-“Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци” ТББ-ыг яагаад байгуулах болсон бэ? Уг ТББ-ын тэргүүний хувьд хийсэн ажлуудаасаа уншигчдад маань танилцуулаач?

-Ногоочид жил бүр ногоо тариалдаг боловч хавар болоход үр байхгүй, мөнгө төгрөггүй, санхүүгийн асуудалтай, банкнаас зээл өгдөггүй, гарсан ахиц, үр дүнгүй байгаад байсан. Тэр үед Улаанбаатар хотод газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болох гэж байсан. Тэгээд би ногоочидтойгоо уулзаж, хамтарч нэгдэцгээе, үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарцгаая, энэ зөвлөгөөнд оролцоё гэсэн санал тавьсан. Зөвлөгөөнд 10 гаруй ногоочин оролцсон. Бид зөвлөгөөнөөс эрч хүч дүүрэн ирж, 2011 оны 3 дугаар сард “Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци” ТББ-ыг байгуулж, тэргүүнээр сонгогдсон.

Тэр цагаас хойш тасралтгүй ажиллаж, нэлээд ажил хийсэн гэж боддог. Тухайлбал, ногоо тарих газрын элэгдэл болон цөлжилтөөс хамгаалах зорилгоор хамгаалалтын зурвас байгуулах саналыг БОАЖГ-т тавьсан. Бидний саналыг дэмжин 10 сая төгрөгийн санхүүжилт өгч, хамгаалалтын зурвасыг байгуулсан.

Насаараа ногоо тарьсан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж гавъяа шагнал өгөх нь тун ховор байдаг. Тиймээс 30 гаруй хүнийг шагналд тодорхойлон, яамны Жуух бичиг, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр шагнуулсан. Төрийн дээд одон медалиар шагнуулахаар нэлээд хүнийг тодорхойлсон байгаа. Мөн ногоочдын талаар түүхэн баримт их ховор байдаг. Ногоочдынхоо нэр алдрыг дуурсгасан, хөдөлмөр бүтээлийг олонд таниулсан ном бүтээх юмсан гэж их боддог.  

Би ТББ-ын шугамаар зүүн талын намгархаг газар болон бурхан болсон ханийнхаа нэр дээр байдаг газрыг оролцуулан ногоон төгөл байгуулах зорилгоор Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ч.Ганхуяг, Засаг дарга Ц.Идэрбат, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр болон бусад төрийн байгууллага, ОУБ-уудын удирдлагуудтай уулзан хүсэлт тавиад байгаа. Ерөнхийд нь гаргасан зураглалаа мэргэжлийн ландшафтаар хийлгэж байна. Ногоон төгөлийг 30 га газарт 8 хэсэгтэйгээр, улирлын онцлогт тохирсон орчны тохижилттой, 5 жилийн хугацаанд бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Мод бутнуудаар хамгаалалтын хашаа хийж, Хүндэтгэлийн, гэр бүлийн, хүүхдийн, хамт олны, хайрын төгөл гэх зэргээр тохижуулж, шилмүүст мод тарихаар зорьж байна. Дунд сургуулиасаа багш шавийн барилдлагатай, одоог болтол хамтарч ажиллан, санаа бодлоо солилцож, хамтдаа гар нийлэн зүтгэж байгаа Г.Баатарсүх багштайгаа хамт төслөө бичсэн. Ногоон төгөлийнхөө бүтээн байгуулалтад тариа ногоо тарьдаг нөхөрлөл, хоршоо, ТББ-уудаа уриалаад хамтарч ажиллахаар болсон. Энэ ажлын маань эхлэл болж үржүүлэг хийсэн бургасаараа хавар намгархаг газрынхаа урд хэсэгт бургасан төгөлөө байгуулахаар төлөвлөж байгаа.  

-ОУБ-аас ногоочдыг дэмжиж ТББ, сүлжээ байгуулан, зоорь барьж өгсөн. Зоорилохоос гадна хүнсний ногоог боловсруулан, даршилж нөөшлөх цехийг мөн байгуулахаар яригдаж байсан. Энэ ажил маань ямар шатандаа яваа вэ?

-Каритас Чех ОУБ маань зарим ногоочдод хүлэмж, зоорь барьж өгч байна. Цаашлаад ногоочдод гурван улирлын хүлэмж барьж өгөх зорилготой байгаа нь хүлэмжийн аж ахуй хөгжихөд их хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаа.

Ногоочид маань хөрөнгө мөнгө, түүхий эд материалаа нийлүүлээд салатны цех байгуулах зорилгоор вакумжуулах машин, жижиг тоног төхөөрөмжүүдийг авсан боловч үйлдвэрлэлийн ажлын байргүйгээс  хийгдээгүй байсан. Харин сүлжээ байгуулагдсанаар энэ санаачлага маань биеллээ олох гэж байна. Каритас Чех ОУБ-аас хоршоо, нөхөрлөлүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж, түншлэлээр элсээд байсан хүмүүсийг нэгтгэн “ХЭННЭС” ГҮТББ-ыг байгуулсан. Энэ ОУБ-тай хамтарч ажиллах болсноор бид нэгдмэл санаа, зорилготой болж, маш их зүйлийг мэдэж, сурч байгаагаас гадна салатны цехийг байгуулах саналыг дэмжиж байгаад туйлын их баяртай байгаа.

-Таны ургац арвин байж, ард иргэдээ экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах ариун үйлс тань өргөжин хөгжих болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ