Улаангом сумын манлай малчдын анхдугаар зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-23 17:37:10
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Манлай малчдын анхдугаар зөвлөлгөөн өчигдөр Улаангом хотноо болж өнгөрлөө. Зөвлөлгөөнөөр сумын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээ, малын даатгал, түүний ач холбогдол зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Тэрчлэн малчдын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, сайн дурын даатгалын ач холбогдол, малчдын тэтгэвэр, малчны зээл, малын арьс шир, ноосны урамшуулал, малын хулгайн талаар мөн ярилцсан юм. Зөвлөлгөөнд Улаангом сумын хөдөөгийн хоёр багийн 100 гаруй төлөөлөгч оролцож, малчин хүний жаргал зовлонгийн талаар аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, бэлчээрийн доройтол, хомсдол, малын халдварт өвчин, эцэг малын цус сэлбэлт, царцааны өсөлт үржил, малын түүхий эдийн үнэ ханш, усан хангамж гэх мэт асуудлуудыг хөндөн ярьж байлаа. Улаангом сумын удирдлагуудын хувьд малчдынхаа тавьж байгаа санал санаачлагуудыг дэмжиж, цаашдаа мал аж ахуйн тал дээр илүү их анхаарал хандуулж ажиллана гэдгээ илэрхийлж байв. Энэ жилийн хувьд ямааны ноолуур өндөр үнэтэй гарч, малчдын гар дээр бэлэн мөнгө эргэлдэж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Энэ мэтчлэн цаашдаа хонь, тэмээний ноос, малын арьс шир, мах сүүг ч гэсэн үнэд оруулж, малчдын амьдрал ахуйг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг болмоор байна хэмээн Улаангом сумын удирдлагууд ярьж байв. Тэрчлэн бэлчээрийн хомсдлыг арилгах, царцааг устгах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, фермерийн аж ахуйг дэмжиж ажиллах тал дээр түлхүү анхаарч ажиллана гэсэн юм. 
Энэ үеэр улс, аймгийн сайн малчид өөрсдийн тэргүүн туршлагыг залуу малчиддаа үлгэр дуурайл болгон ярьж өгснөөс гадна тэргүүний малчдыг сум орон нутгаас шагнаж урамшуулсан юм.
Анхдугаар зөвлөлгөөнд оролцогчид Чандмань улаан уулан дахь Ээж шүтээний цогцолбортой танилцсанаас гадна аймгийн Музейг үзэж сонирхон, Монгол Улсын маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд дурсгалын зураг татууллаа.
Б.Батхүү

 
Холбоотой мэдээ