Н.Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-21 11:16:10
КАРАКАС. /Би-Би-Си/. Николас Мадуро ням гарагт буюу өчигдөр болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар тус улсыг дахин зургаан жил удирдахаар болж байна гэж “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Венесуэлийн СЕХ-ноос гаргасан урьдчилсан мэдээллээс үзвэл, сонгогчдын ирц урьд байгаагүйгээр бага буюу ердөө 30 гаруйхан хувьтай байжээ. Санал авах байрууд өчигдөр орой хаалгаа барьсны дараахан тус улсын гол сөрөг хүчнээс нэр дэвшигч Энри Фалькон мэдэгдэл хийхдээ “Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Булхайтай сонгууль болж байна. Дахин сонгууль хийх хэрэгтэй” гэжээ.

Харин тус улсын Засгийн газрын албаны хүмүүс хэлэхдээ “Сөрөг хүчнийхний дийлэнх нь эсэргүүцсэн хэдий ч “чөлөөт, шударга” сонгууль боллоо” гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор “Твиттер” хуудастаа “АНУ энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ сонгууль нь “ардчиллыг гутаан доромжилсон хэрэг” боллоо” гэж бичжээ.

Венесуэлийн ээлжит ерөнхийлөгчийн сонгууль төлөвлөгөө ёсны дагуу бол 2018 оны 12 дугаар сард болох ёстой байсан боловч голдуу Н.Мадурогийн талыг баримтлагчдаас бүрддэг Үндсэн хуулийн ассамблей нь сонгуулийн товыг наашлуулсан юм.

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн улс төрийн байдал тогтворгүй, эдийн засаг нь гүн хямралд ороод байгаа билээ.

Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөнөөр Н.Мадуро тус улсын төрийн тэргүүн болсон юм. Үүний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасны улмаас Венесуэлийн засгийн газрын нефтийн экспортоос олох орлого эрс буурч, улмаар тус улс хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн сүү, эм тариа болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон билээ.

Олон улсын валютын сангийн мэдэгдсэнээр, Венесуэлийн инфляцийн түвшин өнгөрсөн онд 700 хувиас давсан юм.
 

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ