Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохгүй бол ҮХЦ-д хандана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-14 12:48:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. УИХ-аас томилогдсон тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг Засгийн газрын өргөн барьснаар буюу нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор тогтоолын төслийг боловсруулсан байна. Ажлын хэсэг хуралдахдаа УИХ дахь АН-ын бүлгээс орсон гишүүдийг хуралдаанд оролцуулаагүй аж. Энэ нь тус ажлын хэсгийг улс төрийн зорилготой шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байгааг Д.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд онцлов.

Мөн тэрбээр АН-ын бүлэг бүх хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд ажлын хэсгийн боловсруулсан уг тогтоолын төслийг баталсан тохиолдолд хэсэгчлэн хориг тавих асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт хүргүүлэх, хүүхдийг ялгаварласан үзсэн асуудлаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д хандахаа АН-ын бүлэг мэдэгдсэн юм.

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Засгийн газраас өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэлд Монгол Улсын төсвийн зарлага 2016 оноос хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Хэрэв төсвийн зарлага хоёр дахин өсөх бол иргэдийн амжиргааны түвшин мөн тэр хэмжээгээр нэмэгдэх ёстой. Энэ чиглэлд манай бүлэг улс төрийнхөө шийдлийг гаргаж тавих болно. Мөн АН-ын бүлгээс цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд хууль зөрчиж, сэтгүүлчдийн утасыг чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүнэ. АН-ын бүлгээс Засгийн газарт Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Тодруулбал Сангийн сайдыг Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь иргэн Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой хэмээн үзэж байгаа. Дээрх хоёр сайдыг хамгаалсан тохиолдолд Засгийн газар бүхэлдээ хууль зөрчих болно гэдгийг бүлгийн зүгээс дахин сануулж байна" гэлээ.
 
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дараагийн хүмүүсийг томилох асуудлыг УИХ болон холбогдох байгууллагууд хэзээ шийдвэрлэх вэ. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хугацаа дуусгавар болсон. Хугацаа дууссан бол Ерөнхийлөгч, УИХ-аас дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлж, өргөн барих ёстой.
 
-Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох саналыг УИХ-д хүргүүлсэн ч Хууль зүйн байнгын хороо буцаасан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй.  Хууль зүйн байнгын хороо хүсэлтийг хүлээж аваад дэмжсэн, дэмжээгүй ч УИХ-ын чуулганд танилцуулах ёстой. Тиймээс энэ асуудлыг нэн дариу шийдвэрлэхийг УИХ-ын даргаас шаардана. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болно.

-С.Зоригийн хэргийн асуудлаар УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэн шалгаж магадгүй гэсэн мэдээлэл байна?

-УИХ шүүх байгууллага биш. Энэ асуудлыг хуулийн байгууллага шийдвэрлэх ёстой.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ