Тhe Diplomat: Монголын эрэгтэйчүүд "эр хүн шиг харагдах" гэж эрүүл мэндээрээ хохирч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-05-12 00:20:49
Монголын эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн дундаж наслалт хол зөрүүтэй байгаа шалтгааныг тайлбарласан агуулга бүхий нэгэн нийтлэл Токио хотод төвтэй "The Diplomat" цахим сэтгүүлд гарчээ. НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара, Монголын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарын хамтран бичсэн энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.

ВАШИНГТОН. /The Diplomat/. Хүйсийн эрх тэгш байдлын тухай ярьж, бичихдээ эрэгтэйчүүд юунд санаа зовж шаналж байгааг, тэдний өмнө ямар асуудал тулгарч байгааг төдийлөн ойшоож, авч хэлэлцдэггүй болохыг эрэгтэйчүүдийн олонхи нь хэлж байна.

Ялангуяа, Монголд эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг нэг их авч хэлэлцээд байдаггүй. Тус улсад эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт маш хол зөрүүтэй байгаа нь үүнийг илтгэнэ.

Эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дэлхийд дунджаар 4 жил байгаа бол Монголд 9 жил байна. Гол төлөв хуучин социалист улсуудад эрэгтэй ба эмэгтэйчүүдийн дундаж наслалт ийм хол зөрүүтэй байна.

Эрүүл мэндэдээ анхаар

Монгол хүмүүсийн нас баралтын түвшинг харахад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад бүх насанд өндөр байна. Энэ нь биологийн хүчин зүйлс төдийгүй хүрээлэн буй орчин болоод амьдралын хэв маягтай холбоотой юм.

Жишээ нь, эрүүл бус амьдралын хэв маягийг авч үзье. Нэгэн судалгааны дүнгээс үзвэл, Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 56.1 хувь нь тамхи татаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол нь тамхи татдаг эрэгтэйчүүдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа юм. Харин Монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 7.8 хувь нь тамхи татаж байна. Тамхи болон согтууруулах ундаа нь зүрх судасны өвчин, тэр дундаа зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчний гол эх үүсвэр юм. Эдгээр нь Монголын эрэгтэйчүүдийн аминд хүрч буй гол хүчин зүйлс билээ. Тамхи татах нь эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг 2.4 хүртэлх жилийн зөрүүтэй болгодог болохыг Скандинавын хойгийн улсуудад хийсэн  судалгааны дүн харуулсан байна.

Мөн хуучин социалист улс орнуудын нэгэн адил Монголд архидалт нь эрэгтэйчүүдэд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Монголын эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архины хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, архины хамааралтай эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.5 дахин олон байна.

Янз бүрийн тохиолдлоор нас барсан эрэгтэйчүүдийн тоог эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр байна. Тухайлбал, 2016 онд амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо 63 байгаа бол эрэгтэйчүүдийн тоо 387, архидалтай холбоотойгоор нас барсан эмэгтэйчүүдийн тоо 58 байгаа бол эрэгтэйчүүдийн тоо 352 байна.

Согтууруулах ундаа, тамхи, зам тээврийн ослын улмаас амиа алдах нь, тэр ч байтугай амиа хорлолт нь урьдчилан сэргийлэх боломжтой хэрэг бөгөөд үндсэндээ эрүүл бус амьдралын хэв маягтай  холбоотой.

Монголын эрэгтэйчүүд эрүүл мэндэдээ санаа тавих цаг хэдийн ирээд байна. 2016 онд монгол эрэгтэйчүүд эрүүл мэндийн байгууллагад дунджаар 4.6 удаа хандсан бол эмэгтэйчүүд 6 удаа (жирэмсний хяналтын үзлэг хамаарахгүй) ханджээ.

Эрүүл бус амьдралын хэв маягаа өөрчлөх нь Монголын эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно. Тиймээс бид эрчүүдээ бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд эрүүлжүүлж, амьдралынх нь хэв маягийг эрүүл болгохын төлөө илүү их зүйл хийх хэрэгтэй байна.

Хорт зуршлуудаас салах нь

Архи ууж, тамхи татах зэрэг нь хөвгүүд, эрэгтэйчүүд өөрсдийгөө илэрхийлэх, “гоё харагдах, эр хүн шиг харагдах” гэсэн “нэгэн гаж хандлага” болж хувираад байна.

Хүн төрөхдөө эдгээр хорт зуршилтай төрдөггүй. Эдгээр нь нийгмийн бий болгосон зүйлс юм. Эр хүн гэдгээ нотлохын тулд эдгээр хорыг хэрэглэнэ гэдэг “байж боломгүй” хэрэг. Найзууд архи уулгах гэж нэг нэгнийгээ ятгахдаа “Эр хүн юм бол эрх хүн шиг л бай л даа. Охин шиг маяглаад байх юм” гэж хэлэхийг та хаа нэгтээ сонссон нь лавтай. Эрэгтэйчүүд бол илүү их орлого олж, гэр бүлээ авч явах ёстой хүмүүс гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ дарамт ч эрэгтэйчүүдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна.

Архи, тамхи мэтийн хорыг хэрэглэснээрээ хүчирхэг эр хүн шиг  харагдах нь юу л бол. Хүч чадал нь булчингаар, сул дорой байдал нь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжээр илэрхийлэгддэг гэдгийг санах хэрэгтэй. Сул дорой харагдахчих вий гэсэн айдсынхаа улмаас эрэгтэйчүүдийн нэг хэсэг нь эрүүл бус амьдралын хэв маягийг сонгож, эрүүл мэндээрээ хохирч байна.

Хаанахын ч эрэгтэйчүүдийн архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр, эрэгтэйчүүд зүрх судасны өвчинд илүү өртөмтгий байгаа нь нууц биш. Эдгээр хүчин зүйлс нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж, амьдрах хугацааг нь богиносгосоор байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг оролцооны талаарх ялгавартай ойлголт нь нийгмийн хөгжилд ямар ч тус нэмэр болохгүй. Нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд адилхан хамтран ажиллах хэрэгтэй.

Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, кампанит ажил өрнүүлэх замаар эрүүл амьдрах нь хэр чухал болохыг сурталчилж, хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нийгмийн хандлагыг өөрчлөх эерэг алхмуудын нэг юм. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүн амын Монгол дахь салбар хүйсийн талаарх хэвшмэл ойлголтыг залруулахын тулд  дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүйсийн эрх тэгш байдал болоод бэлгийн боловсролын талаарх цогц ойлголт өгөх хичээлийг багтаахаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбар нь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд “Аюулгүй сургууль” санаачлага хэрэгжүүлж, багш болон сурагчидтай хамтран ажиллаж байна. Эрүүл урт, удаан амьдрах нь ямар чухал болох талаарх энэ мэтийн санаачлага, хэлэлцүүлэгт хүмүүс цаг зав гарган хамрагдах хэрэгтэй. Энэ нь ялангуяа Монголын эрэгтэйчүүдэд хамгийн их хамааралтай.

https://thediplomat.com/2018/05/how-toxic-masculinity-is-killing-mongolian-men/
 

Холбоотой мэдээ