А.Ишдорж: “Нинжа” гэх хуульгүй иргэдийн талаар төр засаг бодлого гаргаж хэрэгжүүлэх цаг нь болжээ

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 15:39:17

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдоржоор ахлуулсан ажлын хэсэг Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн байдалтай танилцаад ирлээ.  Бид энэ талаар тодруулга мэдээлэл авлаа.

-Танаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн ИТХ-аас томилогдож, уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа сумдад ажилласан.

Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багт Хүртэнтийн ам, Нарийн жалга гэдэг хоёр газар “Ирмүүн босго” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани нь лицензийн зөвшөөрөлтэй,  холбогдох яам, газруудын зөвшөөрөл  бүхий бусад бичиг баримт бүрэн байсан. Уулын ажлын төлөвлөгөөг 2014 онд батлуулсан, усны төлбөр болох 13.0 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлж, Нарийн жалгын 4.58 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн, 2016 оноос уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй, биологийн нөхөн сэргээлт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Сумын Засаг даргатай гэрээ байгуулаад 8 га талбайд нөхөн сэргээлт хийж байгаа юм. Энэ талбай нь 2008 оноос гар аргаар алт олборлогч иргэд үйл ажиллагаа явуулсны улмаас эвдрэлд орж,нөхөн сэргээлт хийлгүй орхигдож байсан. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сумын сургууль, цэцэрлэг гэх мэт зарим төрийн байгууллагуудад тодорхой хэмжээний дэмжлэг өгсөн, ажлын байрны 80 орчим хувь нь нутгийн иргэдээс хангагдсан.

Бат-Өлзий суманд таван уурхай ажиллаж байна. “Могойтын цагаан хайрхан” ХХК нь нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй, ус ашигласны төлбөр төлсөн бол “Тэлмэн оргил” ХХК , “Нутгийн нөөлөг” ХХК , “Өвөр булан” ХХК , “Манай Гэгээн суварга” ХХК бүгд бичиг баримт  байхгүй, бичиг баримтаа хотод байгаа гэж тайлбарласан. Тус сумын 2-р багийн нутаг  “Шархад” гэх газар 2005 онд “Монгол газар” компаниас эхлээд 10-аад компани нэгэндээ шилжүүлэн нөхөн сэргээлт хийлгүй орхиж улмаар иргэд гар аргаар алт олборлон их хэмжээний нүх үүссэн байсны 15 га орчим талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байсан юм. Гэтэл эдгээр компаниуд дахин ашиглаж, ухаж сүйтгэсэн байна.

-Хууль бусаар ажиллаж байгаа энэ таван компанид ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөрсөн хавар Засгийн газраас уул уурхайн бодлогыг зөөллөж, дэмжиж байж хямралаас гарна гэсэн баахан яриа хөөрөө үүсгэсэн ч тэрийгээ баталгаажуулаагүй. Үүнээс болж уул уурхайн компаниудад маш их хүндрэл үүсгэсэн. Засгийн газраас зөвшөөрөл өгнө гэж горьдсон компаниуд хамаг төхөөрөмжөө аваад уулын мухарт очоод хэвтчихсэн.

Бат-Өлзий суманд байгаа энэ таван компанийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Нутгийн нөөлөг” ХХК, “Могойтын цагаан хайрхан” ХХК, “Тэлмэн-Оргил” ХХК-ийн угаах төхөөрөмжид аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч лац тавин актаар үйл ажиллагааг зогсоосон байна. Тус газарт сумын зүгээс хяналт, шалгалт хийж тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийлгүй орхиж, гэр, техник хэрэгслээ аван нүүсэн. Тиймээс хууль бусаар ашигласан газрын эвдрэл, хохирлыг тооцож хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Компаниудын хажуугаар гар аргаар алт олборлогчид гэж том “асуудал” бас байна аа?
-Дээрээсээ ямар нэг шийдвэр гаргахгүй л бол уул уурхай дээр буух эзэнгүй, буцах хаяггүй асуудал олон гарах нь. Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улааны газар нутагт гар аргаар олборлодог иргэд олон байна. Баруун болон говийн аймгуудаас ч ирж байна. Гар аргаар алт олборлогчид хамгийн үржил шимтэй хөрсийг тэр чигээр нь эргүүлж хаячихаад яваад өгдөг. “Нинжа” гэх хуульгүй иргэдийн талаар төр засаг бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй бол үнэхээр хүнд байна. Эдийн засаг хүнд үед ажилгүй иргэд амьдрахын тулд явж байна гэж ойлгож болох ч газар нутаг, хөрсөнд маш их талхагдал үүсгэж хор хөнөөл учруулж байгаа байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Аймгийн хэмжээнд бол уул уурхайг цаашид хэрхэн ажиллуулах вэ, нөхөн сэргээлтийг яаж хийлгэх вэ гээд уул уурхайн олон асуудлаар аймгийн ИТХТ-ийн өргөтгөсөн хуралдааныг ирэх оны 1 дүгээр сард хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ үед ямар нэг шийдвэр гарна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ