“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-05 23:32:27
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, “Монфемнет” төрийн бус байгууллага хамтран “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын 130 шахам эмэгтэй төлөөлөгчдийг оролцууллаа.
-УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн 2 дахь шатыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг чадавхжуулах, ИТХ-ын байгууллага өргөн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж байна гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун ярилаа.
ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хамтын манлайлал, нийгмийн бүтцийн зураглал, шийдвэр гаргагчид нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэн манлайллаа бэхжүүлэх боломж сэдвээр мэдлэгээ, чадвараа дээшлүүлжээ.
-Улсын хэмжээнд 2000 гаруй эмэгтэй төлөөлөгчид байна. Орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх чадавхийг дээшлүүлэхэд чиглэж байна. Цаашдаа эмэгтэй төлөөллийг нэмэгдүүлэх бодлогоор сургалт хийж байгаа юм. Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа сургалтыг 11 дэх аймагтаа зохион байгуулж байна гэж “Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал ярив.
М.Батжаргал

Холбоотой мэдээ