Ихэнх нутгаар шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-05-03 09:46:43
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.

Энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Тавдугаар сарын  4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн, 7-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 
Холбоотой мэдээ