Битүү захын барилгын нэг хэсгийг авто вокзал болгоно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-01 17:23:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2014 онд баригдсан "Жана өлке" битүү худалдааны төвийн барилгын 40 хувийг Авто тээврийн үндэсний төвд шилжүүлж, авто вокзалын зориулалтаар ашиглах шийдвэрийг саяхан Засгийн газраас гаргасан байна.

Уг асуудлаар тус захын гүйцэтгэх захирал М.Бейбитхантай холбогдож тодруулахад: "Өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооноос тус 40 хувийг 1,5 тэрбум төгрөгөөр үнэлж, Авто тээврийн үндэсний төвд өгөхөөр болсон ч засаг солигдон ажил нэг хэсэг завсарласан. Бид нөхцөл байдлыг шинэ Засгийн газарт дахин танилцуулсан юм. Саяхан Засгийн газраас уг асуудлыг зөвшөөрч, үлдсэн 60 хувийг нь орон нутгийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан байна. Гэвч, энэ шийдвэр УИХ-аас эцэслэн баталгаажих ёстой" гэлээ.

"Захын нэг хэсгийг манай байгууллагад шилжүүлсэн тохиолдолд доод давхрыг нь улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзал, дээд давхрыг нь офиссын зориулалтаар ашиглана. Цагдаа, банк, татвар, даатгал, цагдаагийн  байгууллагын салбаруудыг бас оруулж нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн дэргэд нь Тээврийн хэрэгслийн суурь оношилгооны төв баригдана" гэсэн мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Т.Сайдол өглөө.

Дээрх байгууламж нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон ч хотын захад байрласан гэх шалтгаанаар бизнес эрхлэгчид ороогүй өдий хүрсэн юм.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ