Энэ долоо хоногоос эхлэн 81 мянган жолоочийн эрхийг сэргээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 18:35:34

Өршөөлийн тухай хууль 8 дугаар сарын 11-нд батлагдаж түүнд хамрах Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон дүрэм зөрчиж эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээх үйл ажиллагаа болж байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-ын Лицензийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос тодруулав.

-Эрхээ хасуулсан жолооч нарыг эрхийг сэргээж эхэлсэн үү?

-Энэ долоо хоногоос эхлэн эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн. 2015 оны   7 дугаар сарын 2-ноос өмнө захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, эрхийг нь сэргээж байгаа.

Улаанбаатар хотын иргэд ЦЕГ-ын Лицензийн төвд, хөдөө орон нутгийнхан тухайн Цагдаагийн газрын байгууллагад хандана. Уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 08 цагаас 20 цаг хүртэл үйлчилж байна.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Манай төвөөс лавлагаа аваад, хүсэлт гаргана. Хэрэв жолооны үнэмлэх байхгүй тохиолдолд 12 мянга 500 төгрөгийг “Төрийн сан”-гийн  банкны  900012408 тоот дансанд тушааснаар шинээр үнэмлэх хэвлэнэ. Гэхдээ эхний удаад 3 сарын хүчинтэй тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгоно.

-Түр зөвшөөрлийг хэрхэн олгож байгаа вэ?

-2014 онд Хууль зүйн сайдын A/158-р тушаал гарсан. Уг тушаалд “Захиргааны арга хэмжээ тооцуулсан этгээдийн  жолооны үнэмлэхийг захиргааны зөрчлийн материалтай тусгаж, архивт хадгална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2014 оны 10 дугаар сарын 1-нээс энэ оны 7 дугаар сарын 2-н хүртэл эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх манай төвд байхгүй. Харин өнгөрөгч оны 10 дугаар сарын 1-нээс өмнөх жолооны үнэмлэх бий. Ингэснээр жилдээ 60 мянга гаруй хүн жолооны эрхээ хасуулж, 50 мянгыг нь сэргээдэг ажлыг хэдхэн сарын дотор хийхээр болчихоод байна.

-Жолооч нар ихэвчлэн ямар зөрчлөөс болж эрхээ хасуулдаг вэ?

-Манай Лицензийн төвд 1 сая гаруй жолооч бүртгэлтэй. Улсын хэмжээнд жолооны эрхээ хасуулсан 81 мянган хүн бий. Үүнээс дийлэнх нь согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй.  Өнгөрсөн сарын судалгаагаар Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг хамгийн их буюу 10 мянган жолооч архи ууснаас болж үнэмлэхээ хураалгасан. Харин замын хөдөлгөөний шинэ хууль гарснаар зөрчил харьцангуй багасаад байна.

-Танай төв өдөрт хичнээн хүн хүлээн авч байна вэ?

-Манай төв өдөртөө 500-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өнөөдөр 3000 гаруй хүнд үйлчиллээ. Ачаалал ихтэй байгаа уртасгасан цагаар ажиллаж байна. Үнэмлэхийг чинь сэргээж өгөх учраас та бүхэн цаг заваа зохицуулж ирэх хэрэгтэй.

 Э.Энхсайхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд