Мал бүхий иргэдийг аймгийн төвөөс гаргах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-24 17:37:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн Мягмар гарагт хуралддаг хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар иргэдийн санал, гомдлыг хэлэлцэж, аймгийн удирдлагуудаас хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тухайлбал: ойролцоо газар бүс тогтоон мал бүхий иргэдийг аймгийн төвөөс гаргах асуудалд Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдоржийг онцгой анхаарахыг шуурхай хуралдаанаас даалгалаа.

Тэрээр “Саяны шүлхий өвчин иргэдэд ямар хүнд туслаа. Зах, дэлгүүр, үйлчилгээний төвүүд ажиллахгүйгээс болж олон иргэн банкны зээлээ, түрээсээ өгч чадахгүйд хүрсэн. Худалдан авалт цөөн хэдэн дэлгүүрт төвлөрснөөс болж, хүнс барааны үнийн өсөлт нэмэгдсэн. Хэрэв малын боом өвчин гарвал бүр хүнд байдалд орно” гэсэн юм.
 
Өнгөрсөн долоо хоногт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өөрийн биеэр болон утсаар 28 иргэн хандсаны хоёр нь төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авч, 26 нь асуудал дэвшүүлсэн өргөдөл, гомдол гаргасан байх ба эрчим хүч, хог, золбин нохой, гэрэлтүүлэг, хаягжуулалттай холбоотой гомдол, санал урьдын адил иржээ.
Тухайлбал, эрчим хүчний байцаагчид айлын тоолуурыг баталгаажуулахаар аваад явахдаа гэрийн эздэд хэлдэггүйгээс болж, хоол ундаар тасрах, хөргөгчний хоол хүнс муудах зэргээр хохирол учруулдаг байна. Барилга байшин барих ажил эхлэн энд тэнд суурь ухаж, шороог нь хаа хамаагүй асгаж байгаатай холбогдуулан иргэнээс гомдол иржээ. Энэ зун Арвайхээрт 30 орчим барилга баригдахаас 10 гаруй нь суурийн нүхээ ухаад байгаа юм. Дээрх  аймгийн Засаг дарга Г.Ганболд ГХБХБГ-ын дарга Ч.Гүнсэнхоролд уг асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн бөгөөд намар барих барилгын суурийг одоо ухаж байгаа нь хөрсний бүтцэд өөрчлөлт орж, барилгын чанар аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтайг сануулав.
Мөн Арвайхээр сумын Нэг цонхны үйлчилгээний ажилтан баримт бичигт хүний нэрийг алдаатай бичиж байгаа, Зүүнбаян-Улаан сумын эмийн санд эмийг өндөр үнээр зарж байгаа болон цагийн хуваарьгүй ажилладгийг, Гучин-Ус суманд Баянхонгор аймгаас оторлож яваа малчдад нүүх шаардлага тавьж, мөнгөн төлбөр нэхсэнийг иргэд 70321111 утсаар мэдүүлсэн байна.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлтэс, агентлагийн дарга нарт хандан иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хугацаандаа багтаан шийдвэрлэж байхыг сануулав.
 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ