Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуягт залилуулсан иргэд сэтгүүлчдэд хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-19 13:44:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орхон аймгийн Ардчилсан намын  дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан талаар "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-ын төлөөлөл болон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.  
“Зэс эрдэнийн хувь” ХК нь 2010 онд Эрдэнэт хотын олон мянган иргэдийг нэгтгэсэн ард иргэдийн үйлдвэр болно гэх зорилготой байгуулагджээ. Гэтэл Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуягийн хэт шуналаас болж хувьцаа эзэмшигч 24500 хүн хохироход хүрчээ.  Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа, технологи таардаггүй нөөцөд авсан, асар их үнээр олборлосон зэсийн хүдрийн овоолгуудыг (8А, 12 –р овоолгууд) түшиглэн иргэн Э.Төмөрхуяг Д.Алтанхуяг нарын санаачлагаар  “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийг Орхон аймгийн иргэдийн дэмжлэгтэйгээр байгуулсан. Энэ компани иргэдэд  хувьцааны ноогдол ашиг, мөн 150-180  хүний ажлын байр гаргана гэсэн боловч өнөөдрийн байдлаар 8 жил өнгөрөхөд уг үйлдвэрийн нэг  ч тоосго өрөгдөөгүй. Түүний гол зорилго бол ард иргэдийн итгэл сэтгэлийг ашиглаж өөрөө УИХ-ын гишүүн болох гэж зүтгэсэн явдал.
2012 онд УИХ-д "Иргэний зориг ногоон нам"-аас, 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн ч унасан. “Зэс эрдэнийн хувь” ХК-ны хувьцаа эзэмшигчид 600 сая төгрөгийн хөрөнгө босгосон ч түүнийг  Д.Алтанхуяг сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан.
Одоо “Зэс Эрдэнийн хувь” ХК нь сүүлдээ хувьцаагүй хувьцаат компани болж таарсан гэж байв.
Хохирогчдын төлөөлөгч Н.Түвшинбаяр  “Д.Алтанхуягийн ард түмэнд хувь хүртээх тэмцэлд итгэсэн 24 мянган гаруй  иргэн 2010 онд 600 орчим сая төгрөг цуглуулан түүний компанийн хувьцааг худалдан авчээ. “Зэс эрдэнийн хувь” ХК-д хувьцаа эзэмшиж байна хэмээн итгэсэн гол төлөв өндөр настнууд Д.Алтанхуягийн турхиралтаар “Эрдэнэт үйлдвэр” ХК-д удаа дараа хандаж өлсгөлөн, суулт, жагсаал хийх зэргээр тэмцэж 8А, 12-р овоолгыг ашиглах гэрээг 2013 онд 5  жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар анхны зорилгоосоо 100 хувь хазайж, ард иргэддээ хувь нийлүүлнэ, ашиг олгоно, үйлдвэр барина гэсэн асуудал хөсөр хаягдлаа. Д.Алтанхуяг 2016 онд өөрийн болгосон 7 тэрбум ам.долларын үнэтэй зэсийн хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр бариулахаар "Blue Mon" компанитай тохирч 8 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд эцэстээ ганц ч тоосго өрөлгүй байж байгаад "Blue Mon'" компанид 8 тэрбум 200 сая төгрөгийн өртэй болчихож. Өрөндөө ард иргэдийн хүчээр олж авсан "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн 95 хувийг  өгнө гэж байна. Ийм зүйл байж болох уу" гэв.
Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ оны 2 дугаар сарын 27-ны өдөр  “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн нэрээр төвлөрсөн хадгаламжид данс нээгээгүй, хаалттай болон  нээлттэй хувьцаат компанийн бүртгэлд тус компанийн хувьцаа бүртгэлгүй, бүртгүүлэх  хүсэлт ирээгүй гэсэн албан бичиг иржээ. Тухайн албан бичигт  дурдсанаар “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хэвлэмэл биетээр гаргасан хувьцааны хэвлэх, борлуулах, эрх олгоогүй гэжээ. 

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ