Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжлээ.
Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.
Манай улс 1985 онд нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын “Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай алба” гэсэн 12 дугаар зүйлд Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээхээр заажээ. Тиймээс Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцид нэгдэх үедээ хүлээсэн байна. Гэвч Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн зохион байгуулахаар болсон нь Парисийн конвенцын дээрх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгоод зогсохгүй оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол дэлхий дахинаа улам өссөөр байгаа энэ цаг үед дэлхийн хөгжлөөс хоцроход хүргэх сөрөг үр дагавартай юм.
Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх, уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй. Харин оюуны өмчийн байгууллага нь 3-18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх, дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол, хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг байна. Ийм хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо нь ойлгомжгүй, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг дордуулсан, орон тоо бүтцийн хувьд хязгаарлагдмал байдалд хүрээд байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр салган зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хууль тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар 5 дахь хэсгийн 7 дахь заалтын “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;”, мөн хэсгийн 10 дахь заалтын “-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэснийг хасахаар тусгажээ. Харин Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд “1.1 Оюуны өмч, инновацийн газар” гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг нэмэх, тогтоолын хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “5. Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгасан байна.
Хууль тогтоомжийн төслийн үзэлт баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрын хуралдаанаар энэ хоёр агентлагийг салгаж, хуучнаар нь Оюуны өмчийн газар, Бүртгэлийн ерөнхий газар байгуулахыг дэмжсэн, холбогдох хууль тогтоомжийн төслийг удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх байх гэдгийг гишүүдэд дуулгасан юм. Энэ асуудалтай холбогдуулан төсөл санаачлагч гишүүн Н.Учрал хэрэв Засгийн газраас хуулийн төсөл өргөн баригдсан нөхцөлд хууль тогтоомжийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэр бүхий гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Туяа