“Трамп цамхаг”-т гал гарсны улмаас 5 хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-08 12:50:03
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Нью-Йорк хотын “Трамп цамхаг”-ийн байранд гал гарсны улмаас 5 хүн бэртэж гэмтсэн тухай телевизийн “NBC” суваг мэдээлэв.
 
Гал гарсны улмаас тус цамхагийн байрны нэг оршин суугчийн биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Түүнчлэн 4 гал сөнөөгч хөнгөн бэртэл авчээ. Харин тэдний амь нас аюулгүй байдалд байна.   
 
58 давхар тус цамхагийн 50 давхарт өчигдөр орой гал гарч эхэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордон руу нүүхээсээ өмнө гэр бүлийнхэнтэйгээ энэ цамхагт амьдарч байжээ. Ослын газар 200 гал сөнөөгч ажиллаж байгаа аж. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
 
Цамхагт гал гарсан тухай Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхийн сацуу галыг амжилттай зогсоож чадсан гал сөнөөгчдөд талархлаа илэрхийлжээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ