Оросын эрдэмтэд лазерын тусламжтайгаар гангийн хатуулгийг 5 дахин нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-05 19:24:24
КРАСНОЯРСК. /ТАСС/. Лазер болон нано материалын тусламжтайгаар гангийн хатуулаг чанарыг 5 дахин нэмэгдүүлдэг технологийг Оросын эрдэмтэд боловсруулжээ. Энэ тухай Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярск дахь шинжлэх ухааны төв мэдээллээ.
 
Уг технологийг Красноярскийн шинжлэх ухааны төв, Москвагийн Эрчим хүчний хүрээлэн болон Москвагийн Автозамын их сургуулийн эрдэмтдийн баг хамтран гарган авсан байна.
 
Эрдэмтэд гангийн гадаргуугийн хатуулаг чанар ба ган эдлэлүүдийн элэгдлийг тэсвэрлэх чанарыг сайжруулах зорилгоор уг технологийг боловсруулжээ. Лазерыг ашиглаж,  бэхжүүлсэн нано нүүрстөрөгчийн материалыг гарган авснаар ердийн техникийн гантай харьцуулахад 5 дахин илүү хатуулаг чанар бүхий шинэ ганг гарган авсан тухай Красноярскийн шинжлэх ухааны төв мэдээлсэн байна.
 
Гангийн хатуулгийг нэмэгдүүлэх уламжлалт арга бол түүнд янз бүрийн хольц нэмэх явдал юм. Харин эрдэмтэд үүний оронд лазерыг ашигласан ба нано материал болгож тусгай аргаар гарган авсан тортогийг хэрэглэжээ.
 
Нүүрстөрөгч, азот, борын нэгдлүүдийг агуулдаг гангийн хатуулаг чанар ба элэгдлийг тэсвэрлэх чанар нь лазераар халаасны дараа илт сайжирсан байна. Лазераар халаах нь бүтээгдэхүүнийг деформацид оруулдаггүйгээс гадна технологийн процессыг богиносгож байгаа юм хэмээн Москвагийн Эрчим хүчний хүрээлэнгийн ажилтан А.Елецкий ярилаа. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ