Галзуу өвчний улмаас Түнэл суманд тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-03 20:19:16
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Барчгар хэмээх газар хаваржиж байгаа айлын гадаа галзуурсан үнэг ирж нохойтой нь ноцолдсон байна. "Тус үнэгийг алж дээж авч шинжлүүлэхэд  “Галуу” өвчин болох нь тогтоогдсон учраас өнгөрсөн сарын 16-аас эхлэн 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд энэ хугацаанд мал амьтанд ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй учраас хязгаарлалтын дэглэмийг цуцалсан" гэдгийг Түнэл сумын ЗДТГ-ын дарга Ц.Чимэдмаа мэдээллээ.
Тус аймагт өнгөрсөн онд галзуугийн эрсдэлд өртсөн 228 тохиолдол гарснаас хүнд хэлбэрээр 25, дунд зэргийн шарх авсан 110 тохиолдол бүртгэгдэж галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Харин хүнд хэлбэрээр өвдсөн 25 иргэнийг ийлдэс эмчилгээнд хамруулсан байна. Хөвсгөл аймгийн нийт сумын 17 суманд мал амьтны галзуугийн өвчлөл бүртгэгдсэн бол Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сум эрүүл суманд тооцогддог ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ