Украинд сүйрсэн “Boeing”-ийн ослоор амиа алдагсдад хөшөө босгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-27 10:45:27

ГААГ. /TASS/. 2014 оны долдугаар сард Украины зүүн нутагт сүйрсэн “Boeing” онгоцны ослоор амиа алдагсдын дурсгалд зориулж Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх онгоцны буудалд хөшөө босгохоор болжээ. Энэ тухай “МН17” нисэх онгоцны ослын сангаас мэдээлсэн байна.

Тус байгууллагын онцлон тэмдэглэснээр, хөшөөний эргэн тойронд эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан зорчигчдын тоогоор 298 ширхэг мод суулгана. “Модод ургаж байгаа нь ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалын бэлгэ тэмдэг болно” гэж тус байгууллага онцлон тэмдэглэжээ.

Хөшөө чухам ямар хэлбэр дүрстэй байх тухай мэдээлээгүй байна. Амстердамын нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвасаас баруун зүгт байрлах нийт дурсгалын цогцолборыг эмгэнэлт явдал болсноос яг гурван жилийн дараа буюу 2017 оны долдугаар сарын 17-нд нээх төлөвтэй байна.  

“МН17” нисэх онгоцны ослын сангийнхан хөшөөг хаана босгох талаар санал асуулга явуулжээ. Түүнд ослоор амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийн 60 орчим хувь оролцсон байна. Санал асуулгад оролцогсдын тал гаруй хувь нь “Boeing” осолдохоосоо өмнө хөөрсөн Нидерландын нийслэл Амстердам хотын Схипхол нисэх онгоцны буудалд босгохын төлөө саналаа өгчээ.

Хөшөөг босгох бусад газруудын дотор энх тайван, шударга ёсны хот гэдэг утгаар нь Гааг, онгоцны ослоор амиа алдагсдын цогцсуудыг хүргэсэн Эйндховен зэрэг хотуудыг оруулсан байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ