Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-26 15:20:11

КАРАКАС. /Reuters/. Венесуэлд парламентын сонгууль болохоос хагас долоо хоногийн өмнө сөрөг хүчний орон нутгийн удирдагчийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Венесуэлийн сөрөг хүчний “Ардчилсан үйл ажиллагаа” намын тус улсын төвийн хэсэгт оршдог Альтаграсия-де-Оритуко хот дахь салбарын дарга Луис Диасыг автомашинаас буудаж хөнөөжээ. Тэрбээр хотын оршин суугчидтай уулзаж байсан бөгөөд түүнтэй хамт одоо шоронд хоригдож байгаа сөрөг хүчний удирдагч Леопольдо Лопесын гэргий Лилиан Тинтори хамт байсан байна.

“Ардчилсан үйл ажиллагаа” нам нь сөрөг хүчний “Ардчилсан нэгдэл” эвсэлд багтдаг аж. Уг эвсэл нь сүүлийн 16 жилд анх удаа парламентын сонгуульд ялах магадлал өндөр байгаа нь санал асуулгын дүнгээс харагджээ.

“Ардчилсан үйл ажиллагаа” намын ерөнхий нарийн бичгийн дарга Генри Рамос энэ хэрэгт эрх баригч Социалист намыг дэмжигчдийг буруутгасан байна.

Венесуэлд 12 дугаар сарын 6-ны ням гарагт парламентын сонгууль болно. Нефть голдуу экспортолдог тус улс нефтийн үнэ унасны дараа эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч эхэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ