Говь-Алтай аймгаас 19 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-23 13:02:33
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн баклаврын хөтөлбөрийн нэгдүгээр курсын 19 оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцана. 
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалт ирэх сарын 1-нд эхэлж зургаадугаар сарын 1-ний өдөр цэргийн ерөнхий бэлтгэл буюу Батлан хамгаалах салбарын тухай хууль, эрхзүйн хичээлүүд, жагсаалын бэлтгэл гээд анхан шатны мэдлэгийг харьяа аймагт заах юм байна. Үүний дараа цэргийн ерөнхий бэлтгэл шатны төгсгөлд шалгалт өгч тэнцсэн тохиолдолд  наймдугаар сарын 22-ны өдөр хүртэл Ховд аймгийн зэвсэгт хүчний 0123 дугаар ангид Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдан цэргийн мэргэжил эзэмшсэнээр алба хаасанд тооцогдох ажээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолд заасанчлан эрүүл мэндийн байдал, ёс зүйн зөв төлөвшилтэй болон сурлагын голч дүн 2,8-аас дээш байх шаардлагыг үндсэн үзүүлэлт болгон бүртгэжээ. 
Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдагсдын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад тооны хувьд өөрчлөлт гараагүй байна. Сургалтын хувьд ч мөн адил Засгийн газрын тогтоол болон журмын дагуу хичээллэх юм байна.
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд суралцаж байх хугацаанд цэргийн алба хаах боломж бүрдсэн төдийгүй эх оронч хүмүүжил, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл эзэмших, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд орох цаашлаад улс орны батлан хамгаалах чадавх сайжирч, Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэх ач холбогдолтой юм.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ