Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 339 дүгээр анги түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-16 18:33:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ жилийн тэмцээнийг Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зохион байгуулав.
Энэ жилийн тэмцээнд Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын долоон баг өрсөлдлөө. Нийт маршийн 10 км замыг туулах тус тэмцээн баг, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудын хооронд нөхөрсөг харилцааг бий болгох, марш тактикийн тэмцээний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.
Багууд 15 минутын зайтай барианаас гарсан. Гарахын өмнө хүн нэг бүрийн бичиг баримт, хувцас хэрэглэл, агсамж, хувийн зэвсэгт үзлэг хийж илэрсэн зөрчил нэг бүрт нэг минутын торгууль өгч байв.
Улмаар тасаг гранатын талбайд ирж шүүгчийн дохиогоор 40 метрийн зайд байрлах тойрогт гранатыг шидсэний дараа ерөнхий цэргийн саадын зурвас туулах ажиллагааг гүйцэтгэж, ар талын нормативыг гүйцэтгэсэн юм. Буудлагын талбай дахь ажиллагаа, химийн норматив, зэргийг гүйцэтгэснээр тэмцээний ялагчид тодорлоо.
Нийлбэр дүн гарахад Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нэгдүгээр байрт орсон бол аймгийн Цагдаагийн газрын баг хоёрдугаар байрт, аймгийн Онцгой байдлын газрын баг хамт олон гуравдугаар байрт тус тус шалгарав.
                                                                                                                                        Б.Мөнхзул 
Холбоотой мэдээ