Завханы Засаг дарга жил бүр 25 оюутанд тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-13 17:37:22

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг “Сайн оюутан” хөтөлбөрөө эхлүүлж энэ жилээс оюутны тэтгэлгийг олгохоор болжээ. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлгийг энэ жилээс эхлэн олгоно.
Тэтгэлгийг Улаанбаатар хот болон Завхан аймагт суралцаж буй оюутнуудаас сонгон жил бүр 25 оюутанд олгохоор шийдвэрлэсэн байна.  Сонгохдоо сурлагын амжилтыг шалгуур үзүүлэлт болгохоос гадна хамгийн бага орлоготой өрхийн хамгийн өндөр сурлагатай хүүхдийг шалгаруулж тэтгэлэг олгоно. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүрийн хавар “Завхан хөгжлийн шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн шинээр оюутан болж Улаанбаатар хотод очиж буй залуучуудаа чиглүүлэх, тэдний суралцах арга барилд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хичээл сонголт, оюутны бэлтгэл ажлыг хангахад нь туслах зорилгоор аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрамдалд намраа үдье” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Цаашид оюутнуудаа хөгжүүлэх, бие даан суралцах нөхцөл бололцоог нь хангах, хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор Завхан аймгийн Залуучууд оюутны хөгжлийн төвтэй хамтран төрөл бүрийн үйл ажиллагааг оюутнуудад чиглүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ