Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-06 23:00:31
СӨҮЛ. /ТАСС/. АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө царцаахад бэлэн байгаагаа Умард Солонгосын тал мэдэгджээ. Энэ тухай Сөүл хотод болсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён мэдэгдсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж энэ сарын 5-6-нд Умард Солонгост айлчилсан юм.
 
Чон Ый Ёны мэдэгдсэнээр, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн байна. Түүнчлэн АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин хөөргөх болон цөмийн туршилтууд явуулахгүй гэдгээ амлажээ.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох чиг шугамыг баримтлахаа Умард Солонгосын тал тодорхой мэдэгдлээ. Түүнчлэн “тус улсад тогтсон дэглэмд аюул учруулахгүй гэдгийг баталж, цэргийн хүч хэрэглэх аюулыг арилгана гэвэл манай улс цөмийн зэвсэг эзэмших үндэслэл байхгүй" гэж Умард Солонгосын тал мэдэгдлээ” хэмээн  Чон Ый Ён ярьжээ.
 
Мөн Умард Солонгосын удирдагч болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар ирэх сарын сүүлчээр уулзалт хийх аж.

Энэ тухай Чон Ый Ён мэдэгдэхдээ “Хоёр Солонгосын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хилийн шалган нэвтрүүлэх Пханмунжом боомтод болно. Хоёр Солонгосын төлөөлөгчид зөвлөлдөх уулзалт хийх болон хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр улсын төрийн тэргүүний хооронд харилцаа холбооны шугам ажиллуулахаар тохиролцлоо. Талууд хоёр улсын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө анх удаа утсаар ярихаар тохиролцлоо” гэжээ.  

Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд Умард Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 5-нд Умард Солонгост айлчилсан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны захирал Со хун нар багтсан билээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умард Солонгост айлчлах үеэрээ тус улсын удирдагч Ким Жөн Унтай Хөдөлмөрийн намын төв байранд 4 цагийн уулзалт хийсэн юм.
Э.Аянзаяа  

Холбоотой мэдээ