УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эргэх холбоо”-той ажиллахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-02 19:49:55
Хэнтий /МОНЦАМЭ/. УИХ–ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эргэх холбоо-7” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Хэнтий аймгийн удирдлагууд болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзаж санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр байгууллагын дарга нар салбартаа тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм. Тухайлбал, "Хэнтий Ус" ХХК-ийн дарга Г.Батгэрэл Бэрх хотын дулааны станцыг шинэчлэх, аймгийн хэмжээнд бохир соруулах ганцхан машин байдаг тул нэмж авах шаардлагатай талаар, ЭМГ-аас сумдыг шүдний эмчээр хангах, ГБХЗХГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар, ХХААГ-аас аймгийн хэмжээнд нэгдсэн зоорьтой болгож ногоочдыг дэмжих талаар, ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэмбэрэлсайхан Биндэр суманд хэрэгжиж буй шинэ сум төслийг анхааралдаа авах талаар, ОБГ-аас багт ажилладаг гамшигтай тэмцэх багийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг хөрөнгө оруулалт шаардлагатай ажлуудад дэмжлэг туслалцаа хүслээ.

Гишүүний хувьд эдгээр ажлуудыг эрэмбэлж, албажуулж явуулахыг тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарт хариуцуулсан бөгөөд асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн дарга нарыг сум, багийн иргэдтэй уулзаж, эргэх холбоотой байж, гишүүдийг мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулсан байна.

Уулзалтын дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзахаар Баянхутаг сумыг зорилоо.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ