В.Путин: ОХУ болон АНУ зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-02 10:58:34
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаарх хэлэлцээрээс гарснаас хойш ОХУ болон АНУ-ын зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн эхэлсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизийн “Эн-Би-Си” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Оросын төрийн тэргүүний тус улсын Холбооны хуралд тавьсан тайлан илтгэл нь “шинэ хүйтэн дайн зарлаж байгаа” шинжтэй болсон гэж ойлгож болох уу мөн АНУ болон ОХУ одоо зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа юу гэсэн асуултад В.Путин хариулахдаа “Миний бодлоор шинэ хүйтэн дайн эхэлж байна гэж мэдэгдээд байгаа хүмүүс бол шинжээчид биш, харин ухуулга сурталчилгаа хийж буй хүмүүс юм. Зэвсэглэлээр хөөцөлдөх тухайд бол АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системийн тухай хэлэлцээрээс гарснаар ийм үйл явц эхэлсэн” гэж хариулжээ.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй алхамд хариу болгон манай улс стратегийн зэвсгийн шинэ системүүдийг амжилттай боловсруулан туршсан. Зарим зэвсгийн хувьд нарийн тохиргоо хийх, гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа. Харин зарим зэвсгийн системийг армид нийлүүлээд эхэлчихсэн байгаа бөгөөд байлдааны бэлэн байдалд байна. Манай улсын цэргийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа нь дэлхийд энх тайван тогтоох баталгаа болно. Манай улсын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх бүхий л ажлыг бид зэвсэглэлд хяналт тавих салбарт үйлчилж буй олон улсын хэлэлцээрүүдийн хүрээнд явуулсан” гэжээ.

ОХУ-ын боловсруулсан шинэ зэвсгийн системүүдийн дунд “Сармат” тив алгасагч баллистик пуужин, өндөр нарийвчлалтай, дуунаас үлэмж хурдан нисэх онгоц болон пуужингийн “Кинжал” цогцолбор, далавчит пуужин, ердийн ба цөмийн зэвсэг бүхий жолоочгүй шумбагч аппарат байгаа ажээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ