Египетийн парламентын сонгуулийн дүнг ирэх сард танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-24 13:45:22

КАИР. /TASS/. Хоёр шаттай болж, хоёр сар сунжирсан Египетийн парламентын сонгууль дуусчээ. Сүүлийн сонгогч саналаа өгсний дараа хэсгүүдийг хааж, саналын хуудсыг тоолж эхэлсэн байна.

Египетийн Сонгуулийн дээд комиссын мэдээлснээр,сонгогчдын ирц дунд зэрэг байсан боловч нэгдүгээр шаттай харьцуулахад иргэд харьцангуй идэвхтэй оролцжээ. Сонгууль ерөнхийдөө тайван болж өнгөрсөн бөгөөд ноцтой зөрчил илрээгүй байна. Хоёр дахь шатны сонгуулийн хоёр өдөр санал хураах хэсгүүдэд гурван сонгогч нас барсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэд бүгд байгалийн жамаараа нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Сонгуулийн дүнг 12 дугаар сарын эхээр танилцуулах ёстой бол шинэ оноос өмнө  Египетийн нэг танхимтай парламент болох Төлөөлөгчдийн танхим анхны хурлаа хийх ёстой. Өнгөрсөн онд баталсан тус улсын Үндсэн хууль болон сонгуулийн шинэ хуульд зааснаар, парламент нь 596 депутатаас бүрдэх бөгөөд энэ нь тус улсын парламентын 150 жилийн түүхэн дэх хамгийн олон гишүүнтэй танхим болж байгаа юм.  Парламентын гишүүдийн 120-ийг нь намын жагсаалтаар сонгожээ. 448 нь бие даасан нэр дэвшигчид бол 28-ыг Ерөнхийлөгч томилно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ