Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал боллоо.
Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргаллаа. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний ажиллах журам батлах тухай болон мэдээллийн нэгдсэн цахим систем үүсгэж, шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай зэрэг асуудлыг ярилцлаа. Ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 8-9 нд шилжих шөнийн 00 цагт орон даяар эхэлж, 7 хоног үргэлжилнэ. Тооллогын нэгдсэн дүнг мөн оны 6 дугаар сард танилцуулна. Гадаад улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй иргэдээ онлайнаар бүртгүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.