Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүтээн байгуулалтыг бид хамтарч хийж байж ядуурлаас гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-21 17:44:10
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдээ сонсоё уулзалтын 11 дэх аймаг нь Сэлэнгэ аймаг байлаа. Энэхүү Төрийн тэргүүний Сэлэнгэ аймгийн иргэдтэй хийх уулзалтанд тус аймгийн төв Сүхбаатар сумаас гадна Алтанбулаг, Зүүнбүрэн, Шаамар, Орхонтуул, Баянгол, Дулаанхаан тосгодын иргэд биечлэн уулзаж, санал бодлоо хэлэхээр зорин ирж оролцлоо.
Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын долоон дүүрэг, 10 аймагт уулзалт хийгээд Сэлэнгэ аймагт ирж байна. Ажилгүй, ажилтай, бизнесмэн, хөгшид, залуус гээд өөрсдийн хүслээрээ тайзан дээр гарч ирээд санал сэтгэгдлээ хэлж болно. Мөн зааланд та бүхнийг сонсох микрофон ажиллаж байгаа тул иргэд та бүхний асуулт, шүүмжлэл, санал, сэтгэгдлийг сонсоход бэлэн байна”  гээд уулзалтыг эхлүүлсэн. Иргэдийн уулзалтын салхийг хагалж тус аймгийн Алтанбулаг сумын иргэн Н.Баяржаргал “Сүүлийн үед иргэд намд хуваагдаж сум орон нутаг хөгжихгүй байна. Нам бус иргэнд ямар ч үйлчилгээ ирэхгүй байна. Тиймээс доороосоо эхлээд намчирхдаг байдлыг зогсоомоор байна” хэмээлээ. Мөн өрх толгойлсон эмэгтэй н.Нарантуяа “Монгол Улс хөгжиж байгаа биш мөхөж байна гэж би хардаг. Нуулгүй хэлэхэд миний хүүхэд хулгай хийж шоронд хоригдож байгаа. Хохирлоо барагдуулсан ч одоо ч шоронд байгаа. Гэтэл яагаад оффшорчид жаргалаа эдлээд явж байна. Төрийн ордон ариун байх ёстой” гэлээ. Мөн Сүхбаатар сумын 4-р багийн иргэн Ж.Адъяасүрэн “Юун түрүүнд ард түмнийхээ үгийг сонсож байгаад баярлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг  хэлэлцүүлсэн талаар ярьж байна. Яг тэр төслийг нь харж, гар дээрээ тавьсан иргэн байгаа юм уу даа. Мэдээж, Үндсэн хуулийг өөрчилж болох ч өөрчлөхдөө төрийн өндөрлөгүүд зөвшилцөх шаардлагатай юм уу гэж харж байна. Мөн УИХ тарах тухай асуудлыг ямар нэг хуульд оруулж, иргэдэд эрх,
мэдэл өгмөөр байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлмээр байгаа юм шүү. Сүүлийн үед УИХ-ын ирц муу болсон. Нэгийнхээ өмнөөс кноп дарах зэрэг асуудал гарч байна. Иргэд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа учраас таныг дамжуулж өгөхийг хүсэж байна” гэлээ.
"Манай улс баялгаараа дэлхийд дээгүүрт орно. Адаглаад нэг хүнд ногдох малын тоогоороо ч . . . Гэтэл гуйлга гуйгаад, гудамжинд сууж байгаа манайх шиг улс алга. Мал, байгалийн баялаг хоёроо зөв зарцуулбал иргэд баян амьдрах боломжтой гэж бодож байна. Хамгийн гол нь зөв бодлого хэрэгтэй” гэсэн саналыг иргэд хэллээ. Мөн  Ерөө сумын 2-р багийн иргэн Цэрмаа “Би 57 настайгаасаа эхлээд 77 нас хүртлээ авлигын эсрэг өөрийнхөө хэрээр тэмцэж ирлээ. Энэ бүхний эцэст дүгнэхэд, прокурорын байгууллага өнөөдөр хоёр үзүүртэй зүү болсон шүү. Шүүхийн байгууллагын цалин нэмэгдсэн ч авлига авахгүй байгаа гэдэгт иргэд итгэхгүй байна. Шүүх, хуулийн байгууллага Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг гэж боддог. Тиймээс Ерөнхийлөгчийг авлигатай тууштай тэмцээсэй гэж захих байна” гэв.
Сэлэнгэ аймгийн иргэд ихэвчлэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөх, тэтгэвэр, цалингийн хүүг бууруулж өгөх, амлалтаа биелүүлж өр тэглэх асуудал яасан бэ, оффшорчидтой тэмцэж байгаа үйл ажиллагааны тань үр дүн хэзээ харагдах вэ?, толгой эргэм олон хууль гарч байгаа ч үнэндээ иргэддээ хүрсэн зүйл алга, хэрэгжихгүй байна, хууль дээдсүүдэд үйлчилдэг, ард иргэдэд үйлчлэхгүй байна зэрэг гомдлыг олон хүн тавьж байлаа. Мөн төрийн одон үнэ цэнээ алдаж буй талаар маш олон иргэд хэллээ. Түүнчлэн зарим ахмадууд Монголчууд эв эеэ эрхэмлэх, та ардчилсан намын бус, ард түмний ерөнхийлөгч шүү хэмээн хатуухан хэлж байлаа. 

Түүнчлэн иргэдээс хүсэж буй нэг зүйл бол Монгол орон хөгжихгүй байна. Дээд боловсролтой ажилгүй, ядуусаар улс орон маань дүүрлээ. Боловсролын байгууллагын тогтолцоо биш байна. Хөдөөг хөгжүүлж, хотын урсгалыг хөдөө рүү татах хэрэгтэй байна зэрэг олон асуудлыг санал болгон тавьж байлаа.  Зарим иргэдээс арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулж өгөөч. Монгол хүн бүр өр зээлтэй байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй бид өөрсдөө мэдэж байгаа. Төрийн алба бохирдсон байна. АТГ ажлаа хийхгүй байгаа бол татан буулгах хэрэгтэй хэмээж байлаа. 
Энэ мэтчилэн иргэд Монгол Улсын Төрийн тэргүүнд хандаж үгээ хэлж, захиасаа захиж байлаа. Хоёр цаг гаруй үргэлжилсэн иргэд, төрийн тэргүүний уулзалтанд нийт 40 гаруй хүн санал бодлоо биечлэн хэлж, өөрийн дуу хоолойгоороо хэлэх үгээ дайлаа.
Ард иргэдээс тэтгэвэр нэмэгдсэнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна, бензин шатахууны үнийн хөөрөгдлийг хэрхэн шийдэх. Хөгжихгүй байгаа Алтанбулаг чөлөөт бүсийн асуудлыг хэрхэн шийдэхийг Ерөнхийлөгчөөс асууж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн санал бодлыг сонссоны дараа сонгуульд нэр дэвшихдээ бүх өр зээлийг нэг удаа чөлөөлнө гэсэн амлалтынх нь талаар асуусан иргэдийн асуултанд, “Тэгж амлаагүй, боломж бий” гэсэн бол цэргүүдийг гурван жилийн хугацаанд цалинтай ажиллуулж, ажилчин арми бий болгох. Спорт, арми хоёроор эх оронч хүн бий болно. Тэсвэртэй, хүний үг сонсдог, бүтээлч болно гэв. Мөн тэрээр бид хамтарч бүтээн байгуулалт хийж байж ядуурлаас гарна. Улсаа хөгжүүлнэ. Улсын баялаг ард түмнийх. Иймээс энэ баялгийг ард түмэн хүртсэн цагт өрнөөс гарна гэлээ. Мөн Төрийн тэргүүн иргэдээ сонсож байж, амьдралыг нь нүдээрээ үзэж байж асуудлыг бодитоор шийдвэрлэнэ. Иймээс иргэдээ сонсож яваа миний уулзалтыг намчирхаж, гуйвуулалгүй зөвөөр хүлээн аваарай гэж хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Сэлэнгэ аймагт хийж буй ажлын айлчлал маргааш Мандал сумын иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ