Төрийн албан хаагчдын дэмжлэгээр өвсний фонд бүрдүүлдэг явдлыг хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-20 21:24:45
Хэнтий /МОНЦАМЭ/. Жил бүр төрийн албан хаагчдаас дэмжлэг авч өвсний фонд босгодог байдлыг зогсоохоор Хэрлэн сумын удирдлагууд санаачлага гарган ажиллаж байна.

Энэ өвөл Хэрлэн сум төрийн албан хаагч бүрээс нэг боодол өвсний дэмжлэг авч, нийт 100 тонн буюу 2000 боодол өвс бүхий өвсний фонд босгосон. Өвөлжилт хүндэрсэн үед малчдадаа туслах зорилгоор хуримтлуулсан уг өвсний фондыг энэ өвөл эргэлтэд оруулжээ. Тодруулбал, боодол өвсийг хямдралтай үнээр буюу 4000 төгрөгөөр малчдад борлуулж дуусч байна. Одоогоор тус фондод 200 орчим боодол өвс үлдээд байгаа аж.

Ирэх жилүүдэд энэ өвлийн хямдралтай өвсний борлуулалтаас хуримтлагдсан хөрөнгөөр өвсний фондоо сэргээж, Хэрлэн сум малчдаа жил бүр хямд өвсөөр хангахаар болжээ. Нөгөө талаараа жил бүр төрийн албан хаагчдаас хандив дэмжлэг авч өвсний фонд бүрдүүлдэг байдлыг халж байгаа хэрэг гэнэ.
 
Дашрамд дуулгахад энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт айлчлах үеэрээ сумдад өгч буй Засгийн газрын тусламжаар Хэрлэн суманд 709 боодол өвс, 300 шуудай хивэг олгосон. Уг өвс тэжээлийг өнөөдөр Хэрлэн сумын ЗДТГ-аас багууддаа хуваарилан өглөө. Багууд малчдадаа тусламжийн өвсийг үнэ төлбөргүй, хивгийг шуудай тутамд нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох юм байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ