Аялал жуулчлалын салбарыг хамтран хөгжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-23 16:31:18

МОСКВА. /Interfax/. Хятад, ОХУ болон Монгол Улсын хил орчмын хэд хэдэн бүс нутгийн эрх баригчид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай “Зилиний тунхаг”-т гарын үсэг зурлаа. Энэ тухай Хятадын Хэйлунзян мужийн Хэрэглээний эдийн засгийн холбооны дарга Жан Чуньзяо албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Дээрх гэрээг Хятадын Хуньчун хотод болсон гурван орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны бага хурлын хүрээнд байгууллаа. “Зилиний тунхаг”-т Хятадын Зилинь, Өвөр Монгол, Ляонин, Хэйлузян мужийн, Монголын гурван аймгийн болон Оросын Приморийн хязгаар зэрэг өөр хэд хэдэн бүс нутгийн удирдлагууд гарын үсэг зурсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Уг тунхагт талууд аялал жуулчлалын тээврийн цогц систем байгуулах, захиргааны салбарт хамтран ажиллах механизмыг боловсруулах, хил орчмын болон зэргэлдээх бүс нутагт жуулчдын болон аялал жуулчлалын компаниудын асуудлыг шийдэхэд, түүнчлэн аюулгүй байдлыг хангахад хүчин чармайлт тавих үүрэг хүлээжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ