Өвлийн унадаг дугуйн Олон улсын хуралд Монголын дугуйчид оролцлоо

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-12 13:00:09
Москва /МОНЦАМЭ/.  Энэ сарын 8-11-ний өдөр Москва хотноо болсон Өвлийн унадаг дугуйн олон улсын VI дугаар хурал, үзэсгэлэнд Монголын 8 дугуйчин оролцож, эх орноо сурталчлав.  
Тус хурлыг өвлийн хотуудыг эгнээндээ нэгтгэсэн, Финландад төвтэй  "Дэлхийн өвлийн унадаг дугуйн холбоо" зохион байгуулдаг аж. Энэ удаагийн хуралд ОХУ, Турк, Финланд, Канад, АНУ, Швейцарь, Итали, Австри зэрэг улсын мянга гаруй дугуйчин оролцсоны дотор Монгол улсын “Mongolian Bike” дугуйн аяллын холбооны Р.Хадбаатар ахлагчтай баг амжилттай оролцлоо.  
Хурлын үеэр Монголын багийн ахлагч Р.Хадбаатар “Нуурын хөх мөсөн дээгүүр дугуйгаар аялах адал явдал” илтгэл тавьж, Монгол улсад унадаг дугуйн аялал жуулчлал хөгжихөд таатай орон болохыг сурталчлав. Түүнчлэн Москва хотын хуучин Москвичний үйлдвэрт болсон Өвлийн унадаг дугуйн олон улсын VI дугаар хурлын үзэсгэлэнд манай улсын баг тамирчид өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, эх орныхоо үзэсгэлэнт газруудын зургийг дэлгэн гадны зочдод сонирхуулсан бөгөөд хурлын сүүлийн өдөр Москвагийн өвлийн дугуйн парадад нэгдэж, хотын төвөөр дугуйтай аялав.
Дашрамд дурдахад ирэх жилийн Өвлийн унадаг дугуйн их хурал Канад улсын Калгари хотод зохион байгуулахаар болжээ.
Л.Нандиа
 
 
 
Холбоотой мэдээ