Обама Сингапурын Ерөнхий сайдтай уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-23 14:04:24

СИНГАПУР. /VNA/. Энэ сарын 22-нд Малайзын нийслэл Куала-Лумпурт болсон АСЕАН болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар уулзаж, терроризмтой тэмцэх ажиллагааг уялдуулж, тагнуулын мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийг хамгийн их түгшээсэн асуудал болоод байгаа “Лалын улс” бүлэглэлийн заналхийллийн асуудлаар тэд хэлэлцжээ.

Мөн тэд эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, Номхон далай дамнасан түншлэлийн хүрээнд шинэ боломжууд бий болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Дорнод тэнгисийн асуудалтай холбогдуулан Обама, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд олон улсын хууль дүрмийг мөрдөх нь ихээхэн ач холбогдолтойг онцлоод, Ази-Номхон далайн бүс нутаг нь үргэлж АНУ-ын ашиг сонирхлын төвд байсаар ирсэн гэж мэдэгджээ.

Мөн тэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэж, уг асуудлыг зохицуулахад олон улсын оролцоо шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ