Бангладешийн сөрөг хүчний удирдагчид 5 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-09 10:21:30
ДАККА. /Ройтерс/. Хүүхдүүдэд туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн үйлсийн санд хандивласан мөнгийг завшсан гэх хэргээр Бангладешийн сөрөг хүчний удирдагч Халеда Зиа-д пүрэв гарагт буюу өчигдөр таван жилийн хорих ял оноожээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Бангладешийн Үндэсний намын дарга бөгөөд ерөнхий сайд асан Х.Зиа “Шүүх улс төрийн сэдэлтэйгээр ийм шийдвэр гаргалаа. Би давж заалдана” гэж мэдэгдсэн байна.

Мөн тус улсын сөрөг хүчнийхэн хэлэхдээ “Түүнийг улс төрөөс зайлуулахын тулд шүүх ийм шийдвэр гаргалаа” гэжээ. Энэ оны 12 дугаар сард тус улсад парламентын сонгууль болох юм. Дараа дараагийн шатны шүүх ямар шийдвэр гаргахаас өдгөө 72 настай хатагтай Х.Зиагийн сонгуульд өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.

Х.Зиа нь эрх баригч “Авами” намын дарга бөгөөд Ерөнхий сайд Шейх Хасинатай эртнээс тэмцэлдсээр ирсэн нэгэн гэнэ. Х.Зиагийн Бангладешийн Үндэсний намынхан “Шударга сонгууль болохгүй” гэж үзэн 2014 оны парламентын сонгуульд оролцохоос татгалзаж байжээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ