Сүхбаатар аймгийнхныг маргаантай асуудлуудаа дотооддоо шийдвэрлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-08 11:01:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдын  ажлын хэсэгт УИХ-н гишүүн Ч.Улаан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, холбогдох яамд, агентлагийн төлөөлөл, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон бусад хүмүүс багтжээ. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа төрөлх нутагтаа ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайд болон ажлын хэсгийнхэн, аймаг орон нутгийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Баруун-Урт цэргийн хүрээнийхэнтэй мэндчилсэнээр ажлын айлчлал албан ёсоор эхэллээ.

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ЗДТГ-т төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт  хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга З.Энхтөр аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн чиглэл, хөтөлбөрийн 2017 оны биелэлт, 2018 онд хийхээр төлөвлөж буй ажил үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн юм. Мөн аймаг орон нутгийн зүгээс Ерөнхий сайдад бодлогын дэмжлэг хүсэх, шийдвэрлүүлэх асуудлуудаа танилцууллаа. Тэрбээр, Баруун-Урт сумын дөрөв, тавдугаар тойргийн замын ажлыг бүрэн гүйцэд дуусгахад шаардагдах 9,9 тэрбум төгрөг, 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдах төрийн үйлчилгээний байгууллагаас гадна үлдсэн сумдын төрийн байгууллагын барилгыг шинэчлэх төсвийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгах, /ингэснээр аймгийн хэмжээний бүх төрийн байгууллагын барилга байгууламж бүрэн шинэчлэгдэх аж/ мөн Сүхбаатар хөгжил ҮТП-ын харъяа байгуулагдах махны үйлдвэрт шаардагдах 62,5 тэрбум төгрөгийг хөгжлийн банкны хөнгөлөттэй зээлд хамруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх хүсэлтүүдийг судалж үзэн, ажил хэрэг болгож, хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрээр удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 2017 онд улсын хэмжээнд эдийн засаг сэргэсэн, томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн, эхэлсэн онцгой жил байлаа. Монгол Улсын засгийн газар энэ жилийг төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх жил болгосон. Үүний хүрээнд та бүхэндээ нэг л зүйлийг захимаар байна. Төрийн бүх шатны албан хаагчид бүх шатандаа сахилга батыг сахиж, хүлээсэн үүргээ чанартай биелүүлж төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ямар нэг хүнд сурталгүй иргэдэд хүргэх хэрэгтэй. Ийм байж чадаагүйн улмаас өнгөрсөн жилүүдэд улс орон нутгийн хөгжил саарсан. Тиймээс энэ үүргийг би төрийн албаны бүх шатны ажилчдад өгч байна. Сайн ажиллаж байгаа нэгнийг сайшаан урамшуул, авилга авсан, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооц. Мөн төсвийн сахилга батыг сахиж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг чандлан биелүүл. Дараагийн хүсэх зүйл бол аймагт үүсээд байгаа улс төрийн маргаантай асуудлаа дотооддоо шийдвэрлэж, төрийн нөхцөл байдлаа тогтворжуул. Ингэж байж та бүхний хийхээр төлөвлөсөн ажил биеллээ олж, урагш явах болно.” гэлээ.
 Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзаж байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ